Баяр наадмын өдрүүдэд мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх, хүнсний болон морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр МХЕГ-ын 400 орчим байцаагч ажиллана. Хоолны хордлого, гэнэтийн ослын үеэр ч шуурхай ажиллах ажлын хэсэг гаргаснаа МХЕГ-аас өчигдөр мэдээллээ. Тус газрын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан “Манай улсад он гарснаас хойш давхардсан тоогоор 400 гаруй суманд 5000-аад мал гоц халдварт өвчний халдвар авснаас 1000 гаруйг нь устгасан. Тиймээс Улаанбаатар хот руу тээвэрлэж байгаа мал, махны эрүүл ахуй, ариун цэвэрт ондгой анхаарч байна. Эмээлт, Баянзүрхийн товчооны цаана байрлах захаас мал худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээг нь заавал шалгаарай” гэв.