Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэчлэл хийж, цахим төлбөрийн системийг нэвтрүүлсэн.
Энэхүү ажил өчигдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжиж кондукторууд бэлэн мөнгө хураах бус зөвхөн хяналт тавих журмаар ажиллаж байгаа билээ.
Энэ ажлын явцын талаар нийслэлийн Нийтийн тээвэр болон Улаанбаатар смарт карт компаниас өнөөдөр мэдээлэл хийв.
Одоогоор 130 орчим мянган иргэн цахим картыг худалдан аваад буй аж. Үүний 50 мянга нь өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Тиймээс нийслэлчүүдийг иргэний үүргээ биелүүлж, цахим картаа худалдан авч, үйлчлүүлэхийг нийслэлийн Нийтийн тээврийн газрынхан хэлж байна. Нийслэлийн хэмжээнд цахим карт борлуулах 270 цэг ажиллаж буй. Цаашид борлуулах цэгийг 500 болгон нэмэгдүүлнэ гэдгийг Улаанбаатар смарт карт компанийн удирдлага хэлсэн.
Иргэд картаа 500- 90 мянган төгрөгөөр цэнэглэж болно. 10 мянган төгрөгөөр цэнэглэсэн тохиолдолд 50 төгрөг, 10-50 мянган төгрөг бол 100, үүнээс дээш бол 200 төгрөгийн шимтгэл төлнө. Энэ шимтгэл нь борлуулалт хийж буй газруудын үйл ажиллагааны зардал болох аж.
Харин оюутнуудын цахим картыг ирэх сарын 15-наас эхлэн МОХ болон их дээд сургуулийн оюутны зөвлөлөөр дамжуулан олгох аж. Сурагчдад ч мөн адил хичээлийн шинэ жилийн үеэр Монголын сурагчдын холбоогоор дамжуулан олгох юм байна.
Ирэх сарын 15-наас эхлэн нийслэлийн нийтийн тээвэрт шинэчилсэн сүлжээ үйлчилгээг нэвтрүүлэх аж. Ингэхдээ Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шараас Офицеруудын ордон хүртэл угсраа автобусыг үйлчилгээнд гаргана. Мөн зарим чиглэлийг өөрчилж, богино эргэлттэй болгох аж. Үүнтэй зэрэгцэн цахим төлбөрийн системд урамшууллын тогтолцоог бий болгох аж. Одоогийн яригдаж буй төслөөр иргэд 30 минутын дотор дамжин суухдаа хоёр дахь автобусанд үнэ төлбөргүй зорчих гэнэ. Харин гурав дахь автобусанд бол 500 төгрөгийн төлбөрөө төлж зорчино.
Нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг Улаанбаатар-Сөүл хотын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй бөгөөд бүх санхүүжилтийг Солонгосын талаас гаргажээ. Нийт 14 орчим ам.долларын санхүүжилттэй энэхүү төсөл 6-7 жилийн дотор үйл ажиллагааны орлогоос бүх зардлаа нөхнө гэсэн тооцоог хариуцсан байгууллага хийжээ.
Сэтгэгдэл (1)