Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны нэгдүгээр зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Уг зарлигийн дагуу Засгийн газрын тогтоол гарч ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ахлан ажиллаж байна.
Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Ажлын хэсэг Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гаргаж, олон ажлыг зохион байгуулж буй бөгөөд тэдгээрийн нэг хэсэг нь нийслэл болон Дорноговь, Сүхбаатар аймгуудад зохион байгуулж байгаа юм.
Сүхбаатар, Дорноговь аймгуудад ялалтын баярыг өнгөрсөн долоо хоногт ёслол төгөлдөр тэмдэглэсэн бол нийслэлд энэ сарын 28-нд буюу өнөөдөр ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээр Батлан хамгаалах яамныхан ажиллаж байна.