Засгийн газрын нэрийг барьж 160 ам.долларын үнэ бүхий “Аccess” сурталчилгааны сэтгүүлийг гадны жуулчдад шахсан гэх асуудал шуугиан тариад байгаа. Үүнд Зам тээврийн яамны холбогдох албан тушаалтнууд гар бие оролцсон гэж “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын эзэн хийгээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс үзээд байгаа. Тиймдээ ч өнөөдөр тус яамны зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, арга хэмжээ авсан.
Тэгвэл дөнгөж сая Зам, тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга С.Адьяасүрэн, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан нар мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар 160 ам.долларын сэтгүүлийн хэрэгт Зам тээврийн яамнаас нөлөөлсөн зүйл огт байхгүй, харин ч нэр төрийг нь сэвтээж гүтгэсэн гэж үзэж байгаагаа онцоллоо.
Юутай ч хэвлэлийн хурлын үеэр Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасангаас зарим зүйлийг тодрууллаа.
-“Хүннү лорд” ХХК-ийн зүгээс “Аccess” сэтгүүлийг худалдаалах эрхийг Зам тээрвийн яамнаас авсан гэх мэдээлэл гараад байгаа. Үүн дээр танайх ямар байр суурьтай байна?
-“Хүннү лорд” ХХК-ийн зүгээс манай яаманд 2015 оны гуравдугаар сарын 30-нд “Өөрийн эх оронд үйлдвэрлэл явуулдаг үндэсний үйлдвэрлэгч 1000 гаруй аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг жуулчид, гадаадын иргэдэд сурталчилан таниулах үйлдвэрүүдтэй шууд харилцах, мөн гадаад иргэдийг хөнгөлөлттэй нөхцлөөр сонгон аялах боломжийг олгох зориулалттай аялал жуулчлалын “Аccess” нэртэй сэтгүүлийг худалдаанд гаргахад бидэнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гаалын хяналтын бүсэд ГЕГ, түүний харьяа “Буянт Ухаа” дахь гаалийн газрын зөвшөөрөлтэйгээр сэтгүүлийг худалдан борлуулах цэг байгуулах шаардлагатай 2кв талбайг зохих журмын дагуу олгож өгнө үү.
Бидний хүсэлтийг хүлээж авч дэмжин ажиллана гэж найдаж байна” гэх албан бичгийг Зам тээврийн яамны сайд Н.Төмөрхүүгийн нэр дээр ирүүлсэн. Яамны дотоод журмын дагуу албан бичгийг картлаад холбогдох харьяа газар хэлтсийн дарга нарт шилжүүлдэг. Үүний дараа холбогдох хэлтсийн дарга нар холбогдох мэргэжилтнүүдэд цохолт хийдэг.
Тиймээс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Зам тээврийн сайд Н.Төмөрхүү С.Мөнхнасан миний биед “Судлаж шийдвэрлэх тухай” гэсэн цохолт хийсэн. Үүний дагуу би судлаж үзээд хариуцсан мэргэжилтэнд цохсон. Ингээд манай яамны холбогдох мэргэжилтэн ““Чингис хаан” нисэх онгоцны буудалд шилжүүлэх бичиг төлөвлөх” гэдэг цохолт хийж өгсөн байдаг.
Ингэхдээ “Хүннү лорд” ХХК-ийн хүсэлтийн хариуд “Танай байгууллагаас “Буянт Ухаа” дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гаалийн буудлын хэсэгт зохих журмын дагуу талбай олгох хүсэлт ирүүлсэнтэй танилцлаа. Нисэх буудлын талбай олгох асуудал нь манай яамны чиг үүрэгт хамаарахгүй тул энэ асуудлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн газар, түүний харьяа байгууллага болох “Чингис хаан” олон улсын нисэх буудлын удирдлагад тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн албан бичгийг явуулсан. Энэ албан бичгийн нэг хуулбарыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын дарга М.Даваажавт явуулсан.
-Тэгвэл “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын дарга Даваажав Ерөнхий сайдад танай яамнаас өгсөн албан бичгийг үндэслэж ““Хүннү лорд”-д сэтгүүл зарах зөвшөөрөл өгсөн мэтээр ярьсан нь ямар учиртай юм бэ?
-““Хүннү лорд” Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Зам тээврийн яам нь зөвхөн бодлогын асуудал хариуцсан яам. “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь хилийн бүс нь хил гааль нисэх буудал зэрэг байгууллагуудын үйл ажиллагаа явуулдаг хяналтын бүс. Энэ бүсэд үйл ажиллагаа явуулах асуудлыг Зам тээврийн яам ерөөсөө шийдвэрлэдэггүй. Зам тээврийн яамны шийддэг асуудлууд биш. Яам бол зөвхөн бодлогын хэмжээний асуудлыг шийддэг. Дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй. Гэтэл өчигдөр Ерөнхий сайдад “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын Даваажав тайлбар хийхдээ Зам тээврийн яамнаас талбай олгох талаар албан бичиг ирүүлсэн мэтээр ташаа мэдээлэл өгсөнд туйлын харамсалтай байна. Ташаа мэдээлэл өгч байгаа асуудал нь төрийн захиргааны төв байгууллага, Зам тээврийн яам хийгээд холбогдох албан тушаалтнуудын нэр хүндэд халдсан харамсалтай зүйл боллоо. Энэ асуудлаар өнөөдөр Зам тээврийн яаман дээр Иргэний нисэхийн ерөнхий газар, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, “МИАТ” ХХК-ийн удирдлагуудыг оролцуулсан хурлыг хийлээ. Тодорхой чиглэлүүдээр ажиллаж, ямар шалтгааны улмаас яагаад ийм мэдээлэл хүргэх болов гэдгийг хууль хяналтын байгууллагаар шийдүүлэхээр болсон. Хэрвээ Зам тээврийн яамны холбогдох албан тушаалтнууд энэ хэрэгт ямар нэгэн байдлаар оролцсон байвал бидний хувьд ямар ч хариуцлагыг хүлээхэд бэлэн байна. Гэхдээ үүнд Зам тээврийн яамны албан тушаалтнууд энэ асуудалд ямар нэгэн байдлаар оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
-Өнөөдөр та бүхний хувьд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлага зэрэг холбогдох хүмүүсийг оролцуулсан хурал хийсэн гэсэн. Хурлын үеэр танай яамны талаарх ташаа мэдээлэл өгсөн гэх Даваажаргал ямар тайлбар өгсөн бэ?
-Хурал дээр Даваажаргалын хувьд яамнаас албан бичиг ирсэн. Би тэр дагуу зөвшөөрөл олгосон гэх зүйл ярьсан. Ямар албан бичиг ирсэн гэдгийг асуухаар манай яамнаас “зөвшөөрөл олгох газар нь манайх биш. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны удирдлагад хандана уу” гэх дээр дурдсан албан бичгийг хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл, нисэх буудал дээр талбай олгох асуудал тус яамны чиг үүрэгт хамаарахгүй тул энэ асуудлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагад тавьж шийдвэрлүүлэх зүйтэй гэж манай яамнаас явуулсан бичгийг “Газар олго” гэж ойлгосон хэмээн тайлбарласан. Ерөнхийдөө цэвэр хувь хүний хариуцлагагүй асуудал боллоо.
-Хууль хяналтын байгууллагаас энэ хэрэг дээр ажиллаж байгаа юу?
-Ерөнхийдөө “Хүннү лорд” ХХК-ийн захирал гэх М.Долгормаа гэгч иргэн Зам тээврийн яаманд хүсэлт өгсөн. Үүний хариуд Зам тээврийн яамнаас манайх шийдвэрлэх асуудал биш гэдэг албан бичгийг өгсөн ийм л зүйл байгаа. Гэтэл манай яамнаас зөвшөөрлийг өгсөн мэтээр буруу ташаа мэдээлэл тарж байна.
Юутай ч уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (17)