Монголд анх удаа ЖДҮ эрхлэгчдийн “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” шалгаруулах үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам амжилттай зохион байгууллаа.
Үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-30-ны өдрүүдэд Чингисийн талбайд зохиогдсон бөгөөд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос үйлдвэрийнх нь үнээр худалдан авах боломж олгосноороо онцлог байв. Тодруулбал, үзэсгэлэн худалдааны үеэр ЖДҮ эрхлэгчид нийт 85.6 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулсан нь тэдэнд томоохон урам өгсөн бодит дэмжлэг боллоо хэмээн онцолж байна.
Энэ үеэр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Аж үйлдвэрийн яам анх удаа орон нутгийн нэрийн бүтээгдэхүүнийг нийслэлд тэр тусмаа төв талбайдаа борлуулах, сурталчлан, таниулах боломжийг олголоо. Иргэдийн үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн үзэл нэмэгдсэнийг өнгөрсөн гурван өдрийн борлуулалтын нийлбэр дүн илэрхийлнэ. Үзэсгэлэн худалдаанд оролцогчдын ялангуяа орон нутгаас ирсэн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үндсэндээ бүгд дууссан байна. Энэ бүхнээс харахад бидний өмнөө тавьсан зорилгын эхлэл зөв голдрилоор явж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Цаашид зөвхөн ЖДҮ эрхлэгчдийн төдийгүй хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ч томоохон үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, үйлдвэрүүдийнхээ бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулна” гэв.
Үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл бүхий нийт 80 гаруй ААН 88 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээр оролцсон юм. Эдгээрээс шинжлэх ухаан, инновацийн үйлдвэрлэл бүхий “Монхимо” компани “Адуу” брэндийн кальциараа ЖДҮ эрхлэгчдийн “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн”-ээр тодорч, Гран При шагналын эзэн боллоо.
Мөн аймаг, дүүрэг тус бүрээс “Шилдэг нэрийн бүтээгдэхүүн”-ийг тодруулав. “Үндэсний брэнд-2015” үзэсгэлэн худалдааны үеэр плитаны цавуу зэрэг олон улсын стандартад нийцсэн барилгын материал, төрөл бүрийн эрүүл мэндэд тустай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг нийслэлийн иргэдэд таниулж чадсан нь бас нэгэн онцлох зүйлсийн нэг байв.
ЖДҮ эрхлэгчдийн “Шилдэг нэрийн бүтээгдэхүүн”-ий шагнал хүртсэн ААН:
Төв аймаг- “Мон-Эгг” ХХК- “Баян” нэрийн өндөг
Увс аймаг- “Өнөр-Ач” ХХК- Цагаан ултай гутал, арьсан эдлэл
Говь-Алтай аймаг- “Газрын өгөөж” хоршоо- Халтар арвай
Өмнөговь аймаг- “Ингэн тагш”- Ингэний сүүн бүтээгдэхүүн
Ховд аймаг- “Үр жимс хоршоо”- Чацаргана
Дундговь аймаг- “Мандалговь-Хүнс” ХХК
Булган аймаг- “Туурайн нижигнээн” ХХК- айраг
Дорнод аймаг- “Дорнод гурил” ХХК- гурил
Орхон аймаг- “Эрдмин”- зэс голтой кабель утас
Сэлэнгэ аймаг- “Хөтөл цемент”- портланд цемент
Баянхонгор аймаг- “Их халбаганат” ХХК
Завхан аймаг –“Завханбаялаг” ХХК-Нэрс
Сүхбаатар аймаг- “Дарьтшүтээн” ХХК
Дархан-Уул аймаг-“Дархан минж” ХХК
Хөвсгөл аймаг-“Хөвсгөл хүнс” ХХК- жимсний өтгөрүүлсэн шүүс
Дорноговь аймаг- “Далтмөнгөн шанд” ХХК- “Загасгал” цай
Баянзүрх дүүрэг- “Батбайгаль” ХХК
Баянгол дүүрэг- “Бэст шүэс” ХХК
Чингэлтэй дүүрэг- “Говьхангай мебель” ХХК
Хан-Уул дүүрэг- “Монкрем” ХХК- “Халгай” цогц брэнд
Сонгинохайрхан дүүрэг- “Монгол цавуу” ХХК- Плитаны цавуу