Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шүүгдэгчээр татагдсан Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр нөгөөдөр/IX.02/ болох шүүх хурлыг олон нийтэд нээлттэй буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.
Ингээд Ц.Баасандорж өмгөөлөгчтэй ярилцлаа.
-Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг ШЕЗ хийгээд шүүгчид гаргасан гэлээ. Иргэдийн зүгээс ч шүүх хуралд оролцох хүсэлтэй байгаа гэсэн үү?
-Одоогийн байдлаар 5000 гаруй иргэн шүүх хуралд оролцох хүсэлтээ Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газрын мэдээллээс үүдээд нийгэмд Л.Гансүх гэдэг хүн хууль зөрчин 3.6 тэрбум төгрөг завшсан, авлигач гэх нэртэй болсон. Энэхүү нэрийг цэвэрлэж, Л.Гансүхийг хууль зөрчөөгүй гэдгийг олон нийтэд мэдээлэх, үнэн бодит байдлыг илчлэхийн тулд шүүх хурлыг нээлттэй, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтэй байна. Хэрэв хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл хийгээгүй л бол энэхүү хэргийг олон нийтэд ил тод хүргэх нь зүйтэй юм.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235-т төр байгуулах, хувь хүний нууцтай холбоогүй шүүх хурлыг нээлттэй явуулах гэж заасан байдаг. Ерөнхийлөгчийн Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа багц хуулиудад шүүхийн үйл ажиллагаа нээлттэй явагдаж байгаа. Үүний дагуу одоо болж байгаа шүүх хурлыг иргэд нээлттэй танхимаас шууд хүлээж авах боломжтой болсон. Тэгэхээр 5000 орчим иргэн шүүхийн нээлттэй танхимд багтахгүй. Тиймээс шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж иргэдэд хүргье гэж хүсэлт гаргасан.
-Нээлттэй шүүх хурал явуулахыг шүүгч нарын зүгээс эсэргүүцэж байна гэсэн. Ямар учир шалтгаантай юм бол?
-АТГ-аас анхнаасаа Л.Гансүх гэдэг хүнийг 3.6 тэрбум төгрөг завшсан гэдэг ойлголтыг нийгэмд цацсан. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын зүгээс энэ талаар хэлсэн учир Л.Гансүхийг мөнгө идсэн гэж итгэж, Л.Гансүхийн хэргийг 3.6 тэрбум төгрөгөөр ойлгож байгаа иргэд маш их байгаа. Тийм учраас шүүх хурал нээлттэй болсноор энэ асуудал тодорхой болно. АТГ, прокурор хуулийн дагуу ажилласан уу, ямар үйлдлийг гэмт хэрэг болгоод байгаа, хохирогч нь хэн юм, шинжээч нар худал дүгнэлт гаргасан уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй бүх асуудал шүүх хурлаар нээлттэй ил тод болно.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр аль ч шүүх хурлыг дамжуулах хууль эрхзүйн орчин Монголд байгаа гэж бодож байна.
-Өршөөл үзүүлэх тухай хууль яригдаж байна. Таны үйлчлүүлэгчийн хувьд Өршөөлийн хуульд хамрагдахгүй гэсэн үү?
-Өршөөл үзүүлэх тухай хууль өөрөө гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хамаарагддаг. Өршөөлд орчихсон хүмүүс гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байж ордог. Би Өршөөлийн хуульд орохгүй шүүхээр цагаатгуулна гэж байгаа хүмүүсийг өршөөлд оруулдаггүй. Шүүхээр асуудлыг нь шийдвэрлэдэг. Одоогоор Өршөөл үзүүлэх хуулийн хэрэгжилт эхлээгүй байна. Ер нь бол Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд бүхэлд нь хориг тавьчихсан байгаа юм билээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хоригийг хэлэлцэх асуудал яригдах байх. Гэхдээ Гансүхийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй. Бид энэ хэргийг цагаатгуулна гэж үзэж байгаа.
-Цагаатгах үндэслэл нь юу вэ?
-Энэ хэрэгт хохирогч байхгүй. Өөрөөр хэлбэл, "Багануур" ХХК ашигтай ажилласан. Иргэд нүүрсээ хямдхан авч, хоёр жил нүүрсэнд зарцуулах мөнгөнөөсөө 40-50 төгрөг хэмнэсэн. 800 ажлын байр бий болгосон.
Дундаас нь мөнгө идсэн гэж ярьж байгаа ч бодитой зүйл байдаггүй. 27 мянгаар зараад хэрэгжээд дуусчихсан хөтөлбөрийн араас энэ нүүрсийг 39 мянгаар зарах ёстой байсан гэх зүйл гаргаж ирсэн. Анхнаасаа зараагүй зүйлээс үнийн зөрүү гаргаж ирж 2 тэрбумийн хохирол гэж яриад байгаа. Нөгөөх нь өөр компанийн дундаас нь авчихсан нүүрсийг хохирол болгосон. Энэ хоёрын нийлбэр 3.6 тэрбум төгрөг. Ямар ч бодитой мөнгө үүнд байдаггүй. Бүгд хийсвэр, зохиомол дүгнэлтүүд.
Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хэт нэг талыг барьж, мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчийн Монгол улсын үндсэн хууль болоод Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан эрхийг зөрчсөн, өмгөөлөгчийн Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулинд заасан эрхийг зөрчсөн, хязгаарласан, нэр хүндийг нь гутаан доромжилсон, эрүүгийн хэрэгт шалгуулсан, захидал харилцааны нууцад халдсан маш олон ноцтой зөрчлүүд гарсан ба энэ тухай баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа.
-Тэгэхээр АТГ буруугүй хүнийг буруутай болгож, хилс хэрэгт унагасан гэж ойлгож болох уу?
-Хэргийн нууц гэдгээр өмгөөлөгч биднийг АТГ зэрэг төрийн байгууллагуудын хүний эрх зөрчсөн үйл ажиллагааг ярих эрхгүй болгож байна.
Буруутай буруугүйг шүүх шийднэ. Энэ хэрэг үнэхээр хэн нэгэн хүнийг захиалга, зорилгоор сэдсэн хэрэг юм уу, эсвэл үнэхээр Л.Гансүх гэдэг хүн албан тушаалаа ашиглаад 3.6 тэрбум төгрөг идэж уусан уу, шинжээч нар үнэхээр үүнийг нь тогтоосон уу зэргийг олон нийт үзээд дүгнэлтээ хийх хэрэгтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэхүү шүүх хурлыг дамжуулснаар шүүхийг шударгаар ажиллаж байгаа нь илрэл гэж би бодож байна.
-Энэ удаагийн шүүх хурал хойшлогдох шалтгаан байхгүй биз дээ?
-Шүүх хурал өмнө нь хоёр удаа хойшилсон. Эхний удаад шүүхээс дуудсан гэрч, хохирогч ирээгүй. Дараа нь өмгөөлөгч нарын зүгээс нэг удаа хойшлуулсан. Бидний зүгээс энэ удаагийн шүүх хурлыг хойшлуулах асуудал байхгүй.
-Энэхүү шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр оролцоно гэдгээ мэдэгдсэн гэсэн. Үнэн үү?
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Л.Гансүхийн шүүх хуралд оролцох хүсэлтээ наймдугаар сарын 4-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан гэх мэдээлэл сайтуудаар цацагдсан байна лээ. Би ч гэсэн энэ мэдээллийг хэвлэлээс олж уншсан. Тэгэхээр нөгөөдрийн шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оролцох байх.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (27)