Сүүлийн үед Өршөөлийн хуулийн асуудал нийгэмд бөөн эргэлзээ, асуудлууд үүсгэсээр байна. Ерөнхийлөгчийн хориг тавьсан асуудал ч иргэдийн дунд дуулиан хэвээр үргэлжилж байна гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл өчигдрөөс Өршөөлийн хуулийн хоригт ороогүй хэсгийг мөрдөж эхэлсэн ч эргэлзээтэй зүйлс байсаар байгааг нуух юун.
Хаа хаанаа, хэн хэндээ эргэлзээтэй энэ асуудлуудад цэг тавих мөч ээлжит бус чуулган гэж харах хүмүүс ч байна. Угтаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан заалтуудад албан тушаалын гэх хэргүүд бий.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүлсэн. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт хэргүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэж байгаа.
Гэтэл Ерөнхийлөгчийн тавьсан хоригт төрийн эсрэг гэмт хэрэг огт багтаагүй байгааг холбогдох албаныхан анзаарахгүй байгаа юм уу, аль эсвэл анзаарахгүй байгаа дүр эсгээд байгаа юм уу. Ямартай ч энэ талаар хэн ч хөндөхгүй байгаа нь сонин.
Мөн өршөөлд хамрагдахгүй нийт 29 төрлийн гэмт хэрэгт ч Төрийн эсрэг гэмт хэрэг багтаагүй байгаа юм. Тодруулбал,
1/Эх орноосоо урвах,
2/Тагнуул хийх,
3/Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах,
4/Зэвсэгт үймээн дэгдээх зэрэг өршөөлийн хуульд багтахгүй гэж байгаа ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82-р зүйл “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулах”, 88-р зүйл “Төрийн нууц мэдээ, баримт бичиг, эд зүйлийг үрэгдүүлэх”, 87-р зүйл буюу “Төрийн нууц задруулах” зэрэг Өршөөлийн хуулийн хориг хийгээд өршөөлд хамаарахгүй зүйлчлэлд багтаагүй байна.
Эдгээр зүйл ангиудыг энгийн иргэн харсан ч маш аюултай улсын нууц, төрийн эрх мэдэлтэй холбоотой асуудал байгаа ч аль алинд нь багтаагүй байгаа нь Авлига албан тушаалын асуудлыг хөндөж байгаад орхигдуулах вий гэсэн хардлага төрүүлж байна.
Хэдхэн хоногийн өмнө эх орноосоо урвасан гэх хэрэгт хоёр иргэн шүүхээс 16, 22 жилийн ял сонсон байдаг. Тодруулбал, иргэн Д.Чинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79.1-т зааснаар буруутган шүүсэн юм. Уг зүйл ангид, Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.
Тэгвэл шүүх Д.Чинбаярыг эх орноосоо урвасан хэмээн үзэж, 22 жилийн хорих ял оноолоо. Мөн тус шүүхэд уг зүйл заалтаар З.Пагамжав гэх эмэгтэй шүүгдэж, түүнийг ч мөн эх орноосоо урвасанд тооцож, 16 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Гэвч ийм төрлийн хэргийн цаана төрийн нууц задруулсан асуудал хөндөгдөх нь дамжиггүй. Гэтэл өнөөдөр төрийн нууц задруулсан гэх хэрэг өршөөлийн хуулиар чөлөөлөгдөх боломж бүртчихээд байгаа юм биш үү. Тухайлбал, эх орноосоо урвасан хэргийн цаана төрийн нууц задруулсан ямар нэг гишүүний нэр холбогдож болно. Гэвч тухайн этгээдийн гишүүний бүрэн эрх, өршөөлийн хуулиас болоод уягдах магадлал тун өндөр байгаа юм.
Юутай ч Өршөөлийн хуулийн хоригийг яаралтай хэлэлцэж, төрийн нууцад хамаарсан зүйлийг тусгах хэрэгтэй гэдэг нь гарцаагүй байгаа биз. Үндэсний аюулгүй байдал, улс үндэсний эрх ашигтай холбоотой хамгийн чухал зүйл бол Төрийн нууцтай холбоотой заалтууд юм. Тиймээс хоригт багтаагүй, эс өршөөгдөх хэргүүдэд багтаагүй энэ асуудалд анхаарах хэрэгтэй гэдгийг хаа хаанаа анхаарах нь зүйн хэрэг юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)