Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Грандлайн” ХХК-ийн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд төслийнхөө ажлын явцыг танилцуулж бодит нөхцөл байдлыг тайлагнав. Учир нь сүүлийн үед тус компанийн үйл ажиллагааг мушгин гуйвуулсан худал мэдээлэл цацагдах болсон тул ийнхүү олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс хэвлэлийн хурал зарлажээ.
“Грандлайн” ХХК өнөөдрийн байдлаар нийт 40 айлын 3.6 орчим га талбайг чөлөөлсөн байна. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр 250 айлын газрыг чөлөөлж, иргэдийг орох оронгүй, гудамжинд гаргаж хохироож байна гэх ташаа мэдээлэл гарсаар байгаад харамсаж байна хэмээн компаний удирдлагууд мэдэгдсэн.
Энэ үеэр “Грандлайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мөнхжинөөс үнэхээр иргэд гомдол гаргаагүй эсэх болон нийт хэдэн айлын газрыг чөлөөлсөн болохыг тодруулсан юм. Тэрбээр “Эхний ээлжинд газраа чөлөөлсөн 40 айл өрхөөс нэг нь ч манай компанид гомдол гаргаагүй. Холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан асуудал ч байхгүй. Иргэд дундаасаа “Түр зөвлөл” байгуулж төслийн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж хамтарч ажиллаж байгаа” хэмээсэн юм.
Мөн түүнээс иргэдэд нөхөн олговор олгож байгаа эсэхийг лавлахад “Газар чөлөөлсөн иргэдэд нөхөн олговор өгч байгаа. Эхний ээлжийн орон сууц баригдаж, ашиглалтанд ортол компанийн зүгээс сар бүр тухайн өрхөд орон сууц түрээслэх төлбөр болох дундажаар 550-750 мянган төгрөгийг зургаа, зургаан сараар нь олгож байгаа” гэлээ.
“Түмэн-Амгалан” төслийн эхний ээлжийн орон сууцыг ирэх оны 3-р улиралд ашиглалтанд оруулахаар барилга угсралтын ажил явагдаж байгаа аж.
“Грандлайн” ХХК 0.7 га газартай өрхөд 120 метр квадрат талбайтай орон сууц өгнө гэж тохиролцжээ. Иргэдийн дийлэнх нь хашаандаа 2-3 өрх амьдарч байсан тул нэг байранд ормооргүй байна. Хоёр өрөө, хоёр байр авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн учраас тус компани иргэдийн хүсэлтийг хүндэтгэж гэрээ байгуулжээ.
Харин Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын 15,4 га талбарт нийтдээ 230 газар өмчлөгч эрх бүхий иргэд байгаагаас 214-тэй нь гэрээ хийсэн аж. Газар өмчлөгч иргэдийн 94 хувьтай тохиролцож чадсан учир 2013 оны 5-р сард гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжаа гардаж авсан байна.
Мөн орон сууцыг өөрсдийнхөө хөрөнгөөр босгох бол дэд бүтцийг нь хотоос шийдэж байгаа .
Тиймээс ч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил гүйцэтгэх журмын дагуу тухайн байршилд инженерийн дэд бүтцийг гүйцэтгэх компаниудтай гэрээ хэлэлцээр хийх эрхийг төсөл хэрэгжүүлэгч компаниудад олгосон байдаг. Энэ дагуу Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын 15,4 га-д орон сууцны хорооллын дэд бүтцэд нь 11 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Тодотгож хэлбэл, “Түмэн-Амгалан” хорооллын 3300 айлд шаардлагатай цэвэр ус, халуун, хүйтэн ус, бохир, дулаан, цахилгаан, холбоо зэрэг инженерийн дэд бүтцийн байгууламжийг байгуулахад зарцуулна гэсэн үг.
“Грандлайн” ХХК дэд бүтцийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй учир тусгай зөвшөөрөлтэй 16 компаниас шалгаруулалт хийж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт танилцуулж, гэрээлжээ. Одоогийн байдлаар инженерийн дэд бүтцийг гүйцэтгэх ажил нь 68 хувьтай явж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар нийт 11 тэрбум төгрөгийн төсвөөс 5.4 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн төлбөр хийгдсэн байна. Ажлын гүйцэтгэлээр төлбөрийг нь тооцож нийслэлээс шууд гүйцэтгэгч компанийн дансанд шилжүүлдэг. Тэгэхээр энэ мөнгийг “Грандлайн” ХХК захиран зарцуулах ямар ч эрхгүй. Ийм байхад 11 тэрбум төгрөгийг авч завшсан гэж нэр төрд халдсан, зохиомол гүжирдлэгийг тарааж байна хэмээн “Грандлайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мөнхжин хэлсэн юм.