Өршөөлийн хуулийн хоригоос бусад заалтыг хэрэгжүүлэхээр болоод байгаа. Гэвч одоогоор өршөөлд хамрагдах гэсэн хүмүүс яах учраа олохгүй, мөн холбогдох газрууд ч заавар чиглэл ирээгүй хэмээн хэрэгжүүлж эхлээгүй байгаа юм. Цаашлаад өршөөлийн хуулийн дагаж мөрдөн журам тодорхойгүй байгаагаас болж янз бүрийн асуудлууд үүсч байгаа юм. Тухайлбал, жолооны эрх хасуулсан иргэд дахин шалгалт өгөх үү, яг ямар хүмүүс хамрагдах вэ гээд л ойлгомжгүй зүйлс их байна. Тэгвэл эдгээр асуудлуудын хүрээнд өмгөөлөгч Г.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Өршөөлийн хуулийн зарим заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан байгаа. Үүнийг хэлэлцэж амжаагүй байтал, энэ сарын 3-наас Өршөөлийн хуулийг хэрэгжүүлнэ гэж ШШГЕГ-аас мэдээлсэн. Гэвч ойлгомжгүй зүйлс иргэдийн дунд их байна?
-Өршөөлийн тухай хуулийн зарим хэсэгт МУ-ын ерөнхийлөгч 2015.08.17-ний өдөр е/19 тоот хоригийг тавьсан. Үүнд албан тушаалын гэмт хэргийн эсрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн зарим хэсгийг өршөөхийг эсэргүүцсэн байсан. Гэхдээ хоригт жирийн иргэд ихээр үйлддэг нийтлэг гэмт хэрэг болох ЭХ-ийн 96.1, 96.2, 147.2, 181.3-ийг өршөөлд хамруулан эдлээгүй үлдсэн ялаас нь 2 жилийн ялыг хасах нь зүйтэй болох талаар зөвлөсөн.
Гэтэл хоригийг хэлэлцэж ч амжаагүй байхад засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн нэг жижиг дарга өршөөлийн хуулийн хориг тавиагүй хэсгийг нь хэрэгжүүлж болох талаар яриад эхэлсэн нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Түүнд ингэж том толгой гаргах эрх ч байхгүй. Энэ нь албан тушаалаа хэтрүүлж байгаа гэмт хэрэг. ШШГЕГ-ын дэд дарга хурандаа Туулхүүг ерөнхий сайд л яриулж байгаа. Хэрвээ ингэж хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлэх гэж байгаа бол өршөөлийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулинд өөрчлөлт оруулж хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчлан тусгаж өгөх нь зүйтэй.
-Хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлнэ гэж байгаа ч яг одоогоор өршөөгдөөд байгаа хүн ч байхгүй. Дээрээс нь чиглэл өгөөгүй учир хөдлөх албан тушаалтан ч байхгүй сууж байна?
- Хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлж эхэлснээс үүсэх таагүй үр дагаврыг тооцоолохгүйгээр дураараа аашлах эрх хэнд ч байхгүй. Өршөөлийн хууль анх гарахдаа л хууль зүйн үйлчлэл нь ойлгомжгүй байсан. Эрүүгийн хэрэг, Захиргааны зөрчил хоёрыг хооронд хольж хутган хамтад нь өршөөсөн нь МУ-ын насанд хүрсэн бүх хүн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүд байж байгаад өршөөгдөж байгаа юм шиг л жигтэй нөхцлыг бий болгосон.
Энэ өршөөлд замын хөдөлгөөны дүрэм зөрчөөд 5 мянган төгрөгөөр торгуулсан хүмүүс, архи уугаад, хүнтэй маргалдаад торгуулсан, баривчлагдсан иргэд хүртэл хамрагдаж байгаа нь гадныханд монгол улсаараа гэмт этгээдүүд юм шиг харагдуулж байна. Би нэг өглөө сэрэхдээ л эхнэр хүүхэдтэйгээ, дарга, цэрэг, сайдтайгаа цуг өршөөлд хамрагдаад сэрсэн. Энэ ойлгомжгүй үр дагаврыг бий болгож байгаа үндэс нь энэ УИХ-д хууль хэрэглээний наад захын мэдлэг чадваргүй хүмүүс намын жагсаалт гэдгээр олноор орж ирсний гай гарч ирж сүүлдээ өршөөлийн хуулиа ч найруулж чадах эрх зүйн чадамжгүй болсон байгааг харуулж байна.
-Захиргааны зөрчлийг өршөөлд оруулж өгөх нь нэг талаараа зөв. Гэвч ялгаж зааглаж өгөөгүйгээс болж тэд бүгд ял эдэлж байгаад өршөөлд хамрагдаж байгаа мэт болчихлоо?
-Захиргааны зөрчлыг өршөөлд хамруулж байгаа нь ял эдэлсэн этгээд мэт ойлгогдож хууль хэрэглээний хоорондын ялгамжтай байдлыг үгүй хийж байна. Дагаж мөрдөх журмын тухай хууль гаргаагүйгээс иргэд энэ хуулийг яаж хэрэгжүүлэх гээд байгааг ойлгохгүй бие биенээсээ асууж лавлаж байна. Өршөөлийн хуулийг өөрийн ойлгож байгаагаар хэрэгжүүлэх эрх хэн нэгэн албан тушаалтанд байхгүй.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (15)