УИХ дахь АН-ын бүлэг намрын чуулганы анхны хуралдаанаа хийж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар хэлэлцжээ.
Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонссоноос гадна ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх асуудал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх эсэх мөн 2015 оны төсвийн тодотгол, ирэх оны төсөв, мөнгөний бодлогын талаар хэлэлцжээ.
УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ирэх оны төсөв, мөнгөний бодлоготой холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн байна.
Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ярихдаа “Ирэх оны төсвийн талаар Сангийн яамнаас танилцуулсан. Үүгээр бол бүхэл, бүтэн санхүүгийн шинэчлэл хийх шаардлагатай болох юм байна Уг мэдээллийг АН-ын бүлэг сонссоны дараа эдийн засагт хийх реформийг бүрэн сайшаасан. Ер нь реформ хийх цаг нь болжээ. Сонгуулийн эрх ашгаа бодож уг асуудлыг хойшлуулах бус одоо яаралтай хийх ёстой гэж ярилцлаа. Батлагдах төсөв, мөнгөний бодлогыг улсын төсөвтэй уялдуулах зарчмыг баримталж байгаа. ЗГ-ын өргөн барихаар бэлдэж байгаа хувилбарыг дэмжээд явахаар болсон. Яваандаа төрийн байгууллагуудын чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлнэ. Төрийн том бүтцийг багасгаж яамд болон агентлагуудын бүтцийг танах гэж байгаа. Тодруулбал, зарим яамд, агентлагийг нэгтгэнэ. Үүнийг ч АН-ын бүлэг дэмжиж байгаа ” гэсэн юм.
Мөн тус бүлэг яамдуудыг дэд сайдгүй болгох саналыг 100 хувь дэмжсэн байна. Засгийн газраас яамдыг дэд сайдгүй болгох саналыг оруулж төсвөө ч мөн тэгэж боловсруулжээ. Эдийн засагт хэмнэлт хийж байна гээд төрийн албан хаагчдын цалинг хавтгайруулж хасах бус улс төрийн өндөр албан тушаалтан болон төрийн захиргааны удирдлагуудын цалинг хасах ёстой гэж тус бүлэг үзжээ.
Харин ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулахтай холбоотой асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцэж, шийдвэр гарсаны дараа дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн саналд нэгджээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (6)