Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулаа.
Дээрх байнгын хорооны гишүүд "С.Баярцогтын асуудлаас өмнө Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрээ гаргах ёстой. Үүний дараа С.Баярцогтын асуудлыг хэлэлцэх нь дарааллын хувьд зөв. Намын бүлгүүд ч уг асуудлын дараа С.Баярцогтын асуудлыг хэлэлцэх нь зөв гэж үзэж байгаа" гэлээ.
Сануулахад УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн гишүү О.Баасанхүү Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах төслийг Их Хуралд өргөн бариад байгаа юм. Тэрбээр, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардаж байгаа юм.
Дээрх асуудал дээр цэц Засгийн газрын гишүүний УИХ-ын гишүүний санаалчлагаар огцруулах эсэх болон Засгийн газрын гишүүнийг огцруулахдаа танхимаар нь огцруулах тухай яригдах ёстой юу үгүй гэдгийг хэлэлцэн дүгнэх ёстой юм.
Тиймээс цэцийн дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцсний дараа С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр болж, хойшлууллаа.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (7)