Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах талаар Монгол Улсын Ерөнхий сайд өчигдөр УИХ-ын чуулганд мэдээлэл хийсэн. Харин энэхүү мэдээлэлтэй холбогдуулж УИХ-дахь МАН-ын бүлгийн хийсэн дүгнэлт олны анхаарлыг татаад байна. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Монгол мах" корпорациар дамжуулан эрх баригчид их хэмжээний ашиг, хайж байна гэж чуулганы индэрээс мэдэгдсэн юм.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Эрх баригчид та бүхэн төрийн өмчит "Монгол мах" корпораци байгуулан ашиг хонжоо хайх болсныг ард түмэн харж байгаа. Энэ бүхний цаана нэгдүгээрт, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд олноор байхад тэднийг боож, өрсөлдөөнийг хаах бодлоготой, хоёрдугаарт, малчдын мал, махыг үнэгүйдүүлэн хямд авах, гуравдугаарт, "Монгол мах" корпорациар дамжуулан ашиг хонжоо хайж, зөвхөн өөрсдийн аж ахуйн нэгжүүдэд квот олгож байгаа албан тушаалтнуудын санаархал нуугдаж байна" гэсэн юм.
Мөн "Байгаль цаг уурын таагүй нөхцөл байдал, бэлчээрийн талхлалттай зэрэгцэж, малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал, махны үнэ ихээхэн буурч байгаатай холбогдуулан малыг хөлөөр нь гадагш гаргах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулан экспортод гаргах, мал, мах экспортлох компаниудын тоог нэмэгдүүлж, үйл ажиллагаанд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, дотоодын зах зээл дэх махны үнийн хэт уналтаас сэргийлэх зэрэг тодорхой саналуудыг уг шаардлагад тусгасан боловч Засгийн газрын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авалгүй хугацаа алдсаар байна. Хамгийн сүүлд есдүгээр сард Хүнс, хөдөө аж ахуйн сайдад тодорхой асуудлаар асуулга тавиад байна" гэлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (28)