Өнгөрөгч баасан гарагт хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нэлээд хатуухан мэдэгдэл хийсэн. Тэрээр Улс орны өмнө тулгараад байгаа байгалийн зуднаас гадна хариуцлаггүйн зудыг өнтэй давах талаар сануулж, Ерөнхий сайд, эрх баригчдыг шүүмжиллээ. Тэрээр газар тариалангийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг дүгнэхдээ " Тариаланчид нийт ургацынхаа 80 хувийг алдах нь гэж мэдэгдэхэд салбарын сайд нь бизнес эрхлэгчидтэйгээ уулзаж санаа бодлыг нь сонсон хамтарч асуудлаа шийдэхийн оронд "худал мэдээлэл тарааж үнэ хөөрөгдлөө, энэ жил ургацынхаа 40 хувийг л алдана" гэх мэтээр явган хэрүүлд үнэт цагаа зарцуулж, тэдэнтэйгээ хууль шүүхийн байгууллагын үүдэнд уулзах боллоо. Асуудал хариуцсан сайд нь салбарынхаа бизнес эрхлэгчидтэй зунжин, намаржин шүүхдэлцэж, хэвлэлийн хуудаснаа ажил хийлээ. Хэвлэлийн хуудсанд хэрүүл хийдэг биш газар тариалан, малчны хотод ажил хийдэг сайдтай болмоор байна. Салбарын бизнес эрхлэгчдээ шүүхэд дуудаж дарамталдаг биш дэмжин тэтгэдэг засагтай болмоор байна" гэж хэлжээ. Ийнхүү тэрээр тариаланчдыг өмөөрч Л.Цандэлэгийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгааг буруутгаад зогсохгүй МАН-ын үед дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж байсан газар тариалангийн салбар АН-ын үед уналтанд орж айлаас 100 мянган ТН будаа гуйх хүртлээ доройтсныг онцолсон байна.
Сэтгэгдэл (4)