Батлан хамгаалахын яам өөрийн харьяа “Алдар" спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдийн тив дэлхийд гаргасан амжилтыг урамшуулж 33.9 метр квадрат хэмжээтэй хоёр өрөө байраар шагнасан.
Гэтэл нэг их удалгүй түүнд өгсөн байраа ямар нэгэн шалтгаангүйгээр нэг өрөө болгосон гэдэг. Бүр хоёр өрөө байрных нь түлхүүрийг нь булаах нь холгүй авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Түүний хоёр өрөө байрыг булаасан хүнийг Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр гэж тухайн үед хэвлэлээр бичиж байсан. Гэтэл дэд сайд А.Баттөр “Би энэ хэрэгт огт холбоогүй. Харин сайд Ц.Цолмон С.Цэрэнчимэдийн байрыг нэг өрөө болгох шийдвэрийг гаргасан” гэж олон нийтэд мэдээлснээр уг будлианы гол эзнээр Ц.Цолмон сайд тодорсон юм.
Дэд сайд А.Баттөрийн хувьд байрны асуудлаас гадна Ц.Цолмон сайдын хууль зөрчсөн үйлдлүүдийг давхар олон нийтэд ил болгосон юм.
Тэрбээр энэ талаар ярихдаа “2014 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн А/261 дугаартай тэр үеийн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн тушаал гарсан. Уг тушаалд “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдэд хоёр давхарт 13 тоот 33.9 метр.кв хоёр өрөө, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Мандахнаранд гурван давхарт 20 тоот 33.9 метр.кв хоёр өрөө байр олгоно гэж шийдвэрлэсэн байдаг. Харин Ц.Цолмон сайд болохоор 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдэд 29 тоот 28.3 метр.кв нэг өрөө, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Мандахнаранд 21 тоот 28.3 метр.кв нэг өрөө байр олгох шийдвэр гарсан байгаа юм.
Д.Бат-Эрдэнэ сайд хоёр өрөө байр өгснийг Ц.Цолмон сайд нэг өрөө болгож багасгасан гэсэн үг. Би өөрөө тамирчдад байр өгөх саналыг гаргасан хүн шүү дээ. Тэгсэн хэрнээ юу гэж тэдний байрыг булаах юм" гэсэн юм.
С.Цэрэнчимэдийн оронд хоёр өрөө байранд нь ороод байсан БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батбаяраас буцаан байрыг нь авахаар болжээ.
Түүнчлэн "Надтай холбоотой ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зохион байгуулалттайгаар санаатай тараасан хүн бол Ц.Цолмон сайдын хууль бусаар томилсон Алтансүх гэгч. Тэрээр төрийн албаны шалгалт өгөөгүй. Хууль бус хүн. Миний хувьд хэний ч байрыг сольж өөрчлөөгүй.
Харин Ц.Цолмон сайд яаманд авчирсан өөрсдийнхөө хүмүүст байр өгсөн асуудал бол үнэн. Тамирчдад өгсөн байрыг яаманд хоёр, гуравхан cap ажилласан нөхдүүдэд өгсөнд албан хаагчид бүгд таагүй хандаж байгаа. Аргагүй шүү дээ, дэлхийд Монголынхоо нэрийг мандуулсан тамирчдын байрыг жижигсгэж, өөрсдийнхөө хүмүүст өгчихсөн болохоор тэр. Харин Цолмонтонгууд галаа өөр тийш нь буюу над руу эргүүлж байгаа нь харамсалтай” гэсэн юм.
Дэд сайд А.Баттөр хэвлэлээр ингээд яриад эхлэнгүүт Ц.Цолмон сайд алдаатай шийдвэрээ засч С.Цэрэнчимэдийн байрыг буцаан хоёр өрөө болгожээ.
Тодруулбал, өнгөрсөн пүрэв гаригт саяхан ашиглалтад орсон цэргийн албан хаагчдын 63 айлын орон сууцны хуваарилалттай холбоотой хавсралтад өөрчлөлт оруулсан тушаал гаргажээ. Ингэснээр С.Цэрэнчимэд хоёр өрөө байрандаа орохоор болж байна. Харин С.Цэрэнчимэдийн оронд хоёр өрөө байранд нь ороод байсан БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батбаяраас буцаан байрыг нь авахаар болжээ.
Т.Сар
Сэтгэгдэл (16)