Улаанбаатар
Өнөөдөр / 2015.04.25
26
Өдөртөө
4
Шөнөдөө

Ерөнхий сайд хүүхэд бүр аз жаргалтай байхыг хүсдэг

2012 оны 6 сарын 1
 179528_240959679348497_100003034010789_427924_494561987_n   Хүүхдүүдийн аав, энэ улсын иргэн, Ерөнхий сайдын хувьд хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл биелээсэй. Хүүхэд бүр эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, аз жаргалтай, нүдэнд нь үргэлж инээд гэрэлтэж байгаасай хэмээн Засгийн газрын тэргүүн С.Батболд хүслээ. Тэрээр өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болсон “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” өдөрлөгийн үеэр бяцхан хүүхдүүдийн хамт “Хүслийн бөмбөлөг” хөөргөхдөө ийн шивнэжээ. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд С.Батболд, мөн зөвлөлийн дэд тэргүүн, Шадар сайд М.Энхболд, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Б.Баатарзориг, Засаг даргын орлогч, Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Цогзолмаа нарын эрхэм хүндтэй зочид төв талбайд хүрэлцэн ирж хүүхэд багачуудынхаа  баярыг нь хуваалцсан байна.  

  Тэд хүүхдүүдтэй нэг хүсэл, нэг сэтгэлтэй байгаагаа илэрхийлэн дуулж бүжиглэн баяр дээр нь баяр нэмсэн бол рок, попын залуу дуучид, Хөгжим бүжгийн сургууль, Хүүхдийн ордны сурагчид шинэ уран бүтээлээ толилууллаа. Мөн 8-9 хүүхэд төрүүлж өсгөсөн Д.Долгор, Ж.Өөлд, М.Энхтуяа нарт Нийслэлийн 2012 оны “Ачлалт ээж” өргөмжлөлийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Шадар сайд М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Б.Баатарзориг нар гардуулж баяр хүргэв.

  Их жанжны талбайд болж байгаа энэ өдөрлөгийн үеэр 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хамтран урлаг, спортын төрөл бүрийн уралдаан, тэмцээн, үйлчилгээ, худалдаагаар хүүхдүүддээ бэлэг барьж байна. Мөн 21 аймаг, 9 дүүрэг ч хүүхэд, багачууддаа зориулсан арга хэмжээг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байгаа юм. Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх, үрсийн баярыг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэж, улс орны өнцөг булан бүрт хайр, аз жаргал, баяр хөөр дүүрэн хүүхдийн дуу цуурайтаж байна. Эх, үрсийн баярын энэ өдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн төлөөллийг гэртээ хүлээн авч баярыг нь хуваалцлаа.  
Эх сурвалж: opengovernment.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан