УИХ-ын 2016 оны сонгуулийн уур амьсгал хэдийнэ орчихсон байхад өнгөрөгч сонгуулийн маргаан эцэслээгүй л байна. Өнгөрөгч сонгуулиар Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслах сонгогчдод мөнгө тараасан, эсэхтэй холбоотой маргаан Үндсэн хуулийн цэцэд очлоо. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны 2012 оны “УИХ-ын дүн айлтгах тухай” 136 дугаар тогтоолын Увс аймагт холбогдох хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр нэр бүхий иргэд Цэцэд хандаж, энэ дагуу үүсгэсэн маргааныг ирэх 9-ний баасан гаригт дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр болсон байна. Нэр бүхий иргэд дээр дурдсан тогтоолын Увс аймагт холбогдох хэсэгҮндсэн хуулийн 1.2,3.2,14.1, 21.2, 50.2, 70.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж буй юм.
Уг нь дээрх маргаантай холбоотойгоор үүсгэсэн шүүхийн бүх процесс дуусан, МАН-аас нэр дэвшигчдийн туслах, штабын ажилтан зэрэг хэд хэдэн хүний мөнгө тараасан үйлдлийг тогтоож, зохих ял, шийтгэл ногдуулсан. Тиймээс ч гомдол гаргасан АН-ынхан шүүхийн шийдвэрт үндэслэн маргааныг эцэслэн шийдвэрлэхийг СЕХ-ноос шаардаж байсан. Харин Улсын дээд шүүхээс Увсын сонгуулийн маргааныг СЕХ эцэслэн шийдвэрлэх ёсгүй гэснийг үндэслэн сонгуулийн төв байгууллага дээрх асуудалд хутгалдаагүй юм. Юутай ч Цэц дээрх маргааныг хэрхэн шийдвэрлэж, түүнд нь УИХ ямар хариу үйлдэл үзүүлэх, цаашлаад бүрэн эрхийн хугацаа нь дуусахад хэдий бага хугацаа үлдсэн ч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүний халдашгүй байдал хөндөгдөх, эсэхийг хүлээх л үлддээ.