Сангийн сайд Б.Болор “Сайдын цаг” уулзалтад оролцлоо. Энэ үеэр түүнээс Төсвийн тодотголтой холбоотой зарим асуудлаар тодруулга авлаа.
- Ирэх оны төсөвт зэсийн ханшийг яаж төсөвлөсөн бэ?. Бусад томоохон ордуудын төсөл урагшлах боломж хэр байгаа вэ?
-2015 оны төсвийн орлогыг 7,1 их наядаар төсөвлөж оруулж ирсэн байсан. Энэ жилийн хувьд 6,9-тэй оруулж ирж байгаа. Орлогыг бодит хэмжээнд бууруулсан гэж үзэж байгаа. Бид олон жил зэсийн үнийг тооцоолж гаргадаг байсан энэ аргачлалаасаа татгалзсан байгаа. Олон улсын гаргасан прогнозоор зэсийн үнэ ирэх онд 6100-6600 хооронд байна гэсэн тооцоолол байна. Төсөв өргөн барихдаа оруулсан. Бид олон улсын валютын сангийн гаргасан тооцооллоор нэлээн доогуур үнээ барьсан. Энэ бол доод хязгаар, дээшээ гарах бүрэн боломжтой. Оюутолгой, Тавантолгойн хувьд энэ төслүүд явах ёстой. Хамгийн гол нь зөв явах нь чухал. Өнгөрсөн жилийн хувьд энэ төслүүд маань урагшилсангүй. Ирэх жил Засгийн газрын мөрийн хөтөлбөр, зорилтод ч байгаа. Энэ төслүүдийг явуулья, уул уурхайгаа хөгжүүлэх бодол байгаа учраас үүнийг төсөвлөж орж ирж байгаа. Гэхдээ төсөвлөхдөө өнгөрсөн жилийнх нь шиг өндөр төсөвлөөгүй.
- Ирэх онд бондын зээлд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах вэ?
-Монгол Улсын төсөв сүүлийн зургаа, долоон жил нэмэгдэж, данхайж ирсэн байна. Дандаа алдагдалтай төсөв батлаж байсан. Ингээд төсвийн алдагдлаа бонд гаргаж нөхдөг. Энэ хэмжээгээрээ их наядаар хэмжигдэх хөрөнгийг төсөв идсэн байна. Ингээд байвал эдийн засаг улам хүндэрнэ. Тэгэхээр энэ төсвийг эрүүлжүүлэх зайлшгүй шардлагатай байна. Төсөв хөрөнгийг идээд байна гэдэг нь хувийн хэвшил рүү орох хөрөнгөө идээд байна гэсэн үг. Энэ хэмжээгээрээ мөнгөний бодлогод нөлөөлдөг. Бид төсвөө танаад, эрүүл болгоод үр нөлөөллөөр нь хувийн хэвшлээ дэмжээд чөлөөт зах зээлийн эдийн засаг руугаа орно.
-2016 онд зарим байгууллагуудыг нэгтгэнэ, татан буулгана гэсэн. Хичнээн төрийн албан хаагчийн ажлын байрны асуудал яригдах вэ?
-Өнөөдөр Монгол Улс 180 мянган төрийн албан хаагчтай. Нийт хүн амдаа тооцохоор том тоо л доо. Нэгтгэж болох, ажлын давхардлыг арилгах агентлагуудыг нэгтгэж, мөн татан буулгаад эрх үүрэг нь яамандаа шилжээд ажлаад явж болох ийм агентлагуудыг татан буулгаж байгаа. Мөн сангуудыг тодорхой хэмжээнд бууруулна. Тухайлбал Гааль, татвар хоёрыг нийлүүлсэн байгаа. Зарим хүмүүс болохгүй гэж ярьж байгаа боловч дэлхийн олон улс оронд орлого бүрдүүлэгч агентлаг байдаг. Тиймээс Гааль татвар хоёр нэгдээд ажлаад явах бүрэн болмжтой гэж үзсэн.
-Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулна гэсэн. 2016 онд цалин нэмэх үү?
-Төсвөө батлахдаа аль ч улс ирэх жил цалин нэмнэ гэж ярьдаггүй. Цалин нэмэхээр бол төрийн албан хаагчдын цалинг нэмдэг. Эдийн засгийн мундаг өсөлт гэж яриад байгаа үед зэсийн үнэ, нүүрсний үнэ одооныхоос хоёр, гурав дахин их үнэтэй байсан. Үүний үр дүнд их хэмжээний мөнгө орж ирсэн. Ямар ч үр ашиггүй зарцуулсан. Өнөөдөр цалин нэмэхэд зөвхөн төрийн албан хаагчдын цалин нэмэгддэг. Хувийн хэвшлээ дарамтад оруулдаг. Энэ асуудалд улс төрчдийг битгийг улстөржөөсэй л гэж уриалах байна. Улс орнууд эдийн засгийн хүндрэлтэй үедээ уриалга гаргаж байна. Жишээ татахад, Финляндын Ерөнхий сайд амралтын мөнгөнөөсөө татгалзъя, 13 дахь сарын цалингаасаа татгалзъя гээд төрийн албан хаагчиддаа уриалаад явж байна. Гэтэл манайх цалин нэм гээд популизм хийгээд байдаг. Цалин нэмэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг, ард иргэддээ, хувийн хэвшлийнхэндээ хүндээр тусдаг. Эдийн засаг сайжраад орлогоо тооцсон, энэ нэмэгдвэл цалинг нэмээд явж болно. Урьдчилсан байдлаар ингээд зарлаад явах нь эдийн засгийн утгаараа зөв биш.
-Гадаад зээлийн бондын өрөнд хэдийг төлөх вэ. Ирэх онд 3 их наяд төгрөг төлнө гэдэг үнэн үү. Бүтээн байгууллатад хэдий хэмжээний хөрөнгө гаргах вэ?
-Бүтээн байгуулалтын хувьд 2016 онд 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкин дээр 450 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ. Энэ хэмжээний бүтээн байгуулалт хийснээр хувийн хэвшлээ ажилтай байлгах, хувийн хэвшил рүүгээ хөрөнгө оруулах боломжийг эрэлхийлж байна. Бондын хувьд хуваарийн дагуу хийгээд явах боломжтой. Хамгийн гол нь төсвөө эрүүлжүүлэх ёстой. Үр нөлөө нь 2017 онд гарна. 2017 онд төсвийг алдагдалгүй батлах чиг барьж байгаа, ингэж төсвөө эрүүлжүүлэх зорилго тавьж байна.
-Агентлагуудыг татан буулгаснаар хэдий хэмжээний хөрөнгө хэмнэх юм бэ?
-Төсвийн алдагдлын хувьд 900 орчим тэрбум төгрөг. Гэхдээ оны сүүлээр татварын орлого бүрддэг, энэ тохиолдолд байдал сайжирч мэдэх учраас хүлээлттэй байна. Алдагдлыг өөр эх үүсвэрээс нөхөхгүй, гол нь зардлуудаа танана. Хэмнэлтийн горимд шилжинэ, зайлшгүй хөрөнгөо оруулалт хийнэ, тэвчиж болох зардлыг тэвчээд явна. Цалин, тэтгэврээ өгдгөөр нь өгөөд явна. Агентлагийг нийлүүлж, татан буулгаснаар 2016 оны үр нөлөө бага. Гэхдээ бид энэ бүтцээрээ төсвөө хийгээд өргөн барьсан бол зарлага 8.6 их наяд болохоор байсан, бид 7 их наяд руу оруулж ирсэн. Дараа жил нь 2017 онд дахиад нэмээд 700 гаруй тэрбум төгрөг хэмнэгдэнэ. 2016 онд сонгууль болно гэж байгаа ч эрүүлжүүлэх ажлыг зайлшгүй хийх шаардлагатай. 2012, 2008 оны сонгуулийн жилийн төсвийг эргээд харахаар 40-50 хувь нь зардал нь нэмэгдэж орж ирсэн байдаг юм билээ. Ингэж оруулж ирснээр үр нөлөө нь өнөөдрийг хүртэл явж байна. Яаж байна гэхээр тухайн үеийн гишүүд төсвөө батлахдаа маш их обьектыг төсвийн хөрөнгөөр барина гэж тавиад тэр нь дуусдаггүй. 2008-2012 онд УИХ-ын гишүүний 1 тэрбум төгрөг гэж байсан. Зарим гишүүн 1 тэрбум төгрөгөө 10 обьект дээр 100 сая төгрөгөөр тавьчихсан. Шав тавих, суурь тавих зэргээр 10 газар ажил эхлүүлчихсэн байх зэрэг эрүүл бус үзэгдэл байсан учраас ирэх жил сонгуулийн жил гэж туйлшрахгүйгээр төсвөө батлуулахыг зорьж байна.
-Инфляци хэд байх бол?
-Инфляци энэ жил 6 хувьтай байгаа. Тухайн үеийн супер цикл гэж ярьдаг, зарим улс төрийн хүчин 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг 6-7 хувь болголоо гэж ярьдаг. Тэр үед Оюутолгойн гэрээ зурагдсаны үр нөлөө, дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байсан. Энэ үед буруу бодлого барьж байсан учраас инфляци өндөр хоёр оронтой тоонд байсан. Тийм учраас инфлцийг нэг оронтой тоонд барьж байгаа үедээ төсвөө эрүүлжүүлэх юм бол зээлжих зэрэглэлээс эхлээд дээшлээд мөнгөний хатуу бодлогодоо нөлөөлж, банкууд хувийн хэвшилдээ зээл олгодог болно. Энэ төсөв бол хэмнэлтийн горимтой, ийм төсөв батлаад 2017, 2018 оны нөлөөллөө хадгалаад явах юм бол инфляцийн төвшинд нэмэгдэхгүй.
-Ямар зардлаа царцааж, алийг нь танах юм бэ?
-900 тэрбум дээр урсгал зардал дээр нэлээн том таналт хийж байна. Тог цахилгаан, эрүүл мэнд, боловсролын салбар луу таналт хийхгүй байх тал дээр ажиллаж байна. Өнгөрсөн жил бид Хөгжлийн банкин дээр 790 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан байсан, өнөөдрийн байдлаар гүйцэтгэлээрээ 300 орчим тэрбум төгрөг гарсан. Хүйтний улирал эхэлж байгаа учраас энэ жил барилгын ажил нь эхлэх боломжгүй, 2016 онд шилжүүлэх. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд дээр ч мөн адил эхлээгүй ажил нэлээн байна. Тендэр нь зарлагдаагүй, гэрээ нь хийгдээгүй. Ийм ажлыг царцаагаад ирэх жил рүү шилжүүлэх арга хэмжээ авч байгаа. 6.9 их наяд гэдэг их бодитой тоо. Бид томоохон төслүүдээ явуулна гэж үзэж байгаа. Явуулна гэдэгтээ ард иргэд, улс төрчид санал нэг байгаа. Хамгийн гол нь яаж улс орондоо ашигтай байдлаар шийдэх вэ. Үүний төлөө Засгийн газар ажиллаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дээр олон улсын судалгааны байгууллагаас гаргаж байгаа үнийг аваад аль болох багаар тооцож байна. Нэмэгдэх бүрэн боломжтой. Дээрээс нь өмч хувьчлал явна. Жишээ нь Гааль, Татвар хоёрыг нэгтгэнэ. Хоёулаа том, том байшинд байгаа. Нэгтгэхээр нэг байшиндаа орно. Урсгал зардал, цахилгаан хэмнэгдэнэ. Нэг байшинг нь зарна.
- Ямар газруудыг өмч хувьчлалд оруулах вэ?
- Сүүлийн 6-7 жилд Монголын төр барилгын компани шиг ажиллаж ирсэн байна. Татварын хэлтэс, нийгмийн даатгал бүхэн байшинтай. Аймгуудад Хөдөлмөрийн хэлтэс бүр байшинтай байгаа. Мөн дүүргүүдийн ЗДТГ-ыг хар. Дэлхий дээр хаана ч ийм 10 хол давсан давхартай байшинд үйл ажиллагаагаа явуулдаг дүүрэг гэж байхгүй. Энэ их тансаглалыг зогсооё гэж байгаа юм. Мөн унааны зардал, жолооч нарын орон тоог хасна. Агентлагийн дарга, дэд сайд нарыг хасчихаар жолооч болон машин байхгүй болно. Энэ машинуудыг хувьчилна. Засгийн газрын авто бааз дэлхий дээр хаана ч байхгүй. Бусад оронд түрээсээр л ажилладаг. Зах зээлийнхээ зарчмаар явах ёстой. Орлогыг нилээн бодитой гаргасан 6.9 гэж. Өнөөдөр энэ тоонд хүргэх бүрэн боломжтой.
- Орон сууцны 10 хувийн урьдчилгаанд баталгаа гаргах гэрээнд хэзээ гарын үсэг зурагдах вэ?
- Иргэдийнхээ төлөө хийх ёстой ажлуудын нэг нь энэ. Үүнд төр баталгаа гаргах зайлшгүй шаардлага гарч байгаа. Боломж, бололцоог нь судалж байна. Яг өнөөдрийн байдлаар шууд баталгаа гаргаад явахад хүндрэлтэй асуудал байна. Үүнийг бид шийднэ.
- Дэд сайдын албан тушаал ирэх оны эхнээс байхгүй болно гэж ойлгож болох уу?
- Төсөв батлагдчихвал дэд сайдуудын албан тушаал байхгүй болно.
- Цомхотгож буй агентлагуудыг нэрээр нь тодорхой хэлэх боломж байна уу?
- Төсөв өргөн баригдсан. Хэлэлцүүлэг явахад бүх зүйл тодорхой болно. Бид 9 яамтай байх нь зүйтэй гэж төсөвлөсөн. Ээлжит сонгууль ирэх зургадугаар сард болно. Тэр болтол 9 яамтай явбал зүгээр юм байна. Агентлагуудын хувьд Татвар, Гаалийн ерөнхий газар нэгдэж байна. Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Үндэсний статистикийн газар нэгдэж байна. Төрийн өмчийн хороо, Худалдан авах ажиллагааны газар, Мэдээлэл, технологийн харилцааны газрыг татан буулга. Ийм өөрчлөлтүүд орж байна.
- Та нэгтгэнэ, цомхотгоно, танана гэж байна. Үүний үр дүнд олон хүн ажилгүй болно. Тэр хүмүүсийг яах юм. Сөрөг үр дагаврыг нь яаж харж байгаа вэ?
- Яг хэдэн хүн цомхотголд өртөхийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Энэ Засгийн газрын журмаараа батлагдана. Бүтцийн асуудлыг дараа нь хэлэлцэнэ. Цомхотголд орсон хүмүүсийг дахин сургалтад хамруулах, хувийн хэвшилд ажиллуулах боломжуудыг хайна. Мөн төсөв эрүүлжснээр хувийн хэвшил рүү урсах урсгалыг сайжруулна. Хүн бүр төр лүү зүтгээд байх хэрэггүй.
- Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхгүй бас ажлаасаа халагдах юм байна. Тийм үү?
- Төсвөөр ийм өөрчлөлт орно. Цалингийн хувьд эдийн засгийн нөхцөл байдлаа харах хэрэгтэй. Үүн дээр эх орон ч хандах хэрэгтэй. Цалин нэмнэ гэхээр л бусад барааны үнэ өсдөг. Хувийн хэвшилд дарамт болдог. Тиймээс бид эдийн засаг сайжрахаар цалингийн асуудлыг үе шаттай нэмээд явна.
Т.Хулан
Сэтгэгдэл (19)