Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон уржигдар тушаал гарган яамныхаа Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Алтансүхийн албан тушаалыг өөрчлөн Дотоод аудитын хэлтсийг удирдуулахаар томилжээ.
Түүний оронд “Диско” хэмээх Б.Батсайханыг Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга болгосон байна. Дээрх тушаалд гарын үсэг зурсан үзэгнийх нь бэх хатаж амжаагүй шахам байхад дахин тушаал гаргасан байна.
Яамныхаа газар, хэлтсийн дарга нарыг нааш цааш нь болгосон сайдын хоёр дахь тушаалаар мөнөөх Б. Батсайханыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон аж.
Нэг өдөр хоёр албан тушаалд томилогдсон Б.Батсайхан гэж хэн бэ гэдгийг тодрууллаа. Нэрнийхээ урд “диско” хэмээх тодотголтой тэрбээр 1984 онд ЦНДС-ийн улстөрийн ангийг дүүргэсэн офицер юм байна.
Сургуулиа төгсөөд Зүүнбаян дахь цэргийн нэг ангид салбарын улс төрийн орлогчоор томлогдсон аж.
Энд байхдаа диско клуб ажиллуулдаг байсан тул дэслэгч Б.Батсайхан гэхээсээ “диско” гэдгээр нь цэрэг, офицер, ахлагч нар мэддэг болсон аж. 1990 он хүртэл Зэвсэгт хүчинд ажиллаж байсан тэрбээр тухайн үед цэргийнхний Гараад байсан ардчилсан хөдөлгөөн болох Офицеруудын хурлын идэвхтэй гишүүдийн нэг болж, АИХ-ын депутатаар сонгогдон Үндсэн хууль батлалцаж явжээ.
1996 онд Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Д.Дорлигжавын зөвлөхөөр ажиллаж байхдаа хурандаа цолоор шагнуулсан гэнэ. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш зөвлөх хийж байгаад хошууч генерал З.Болдбаатарыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албаа өгсний дараа армийнхаа эгнээнд буцаж очиж буй нь энэ.
Засгийн газрын шийдвэрээр албаа өгсөн хошууч генерал З.Болдбаатарыг одоогоор ямар нэг албан тушаалд томилоогүй байна.
Сэтгэгдэл (11)