УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголыг Ерөнхий сайд танилцууллаа.
Энэ оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл өмнө төлөвлөж байснаасаа буурахаар байгаа нь төсвийн тодотголыг хийх зайлшгүй шаардлага бий болжээ. Өнөөдрийн байдлаар төсвийн тасалдал 600 тэрбум төгрөгт хүрч, оны эцэст 1 их наяд төгрөгт хүрч болзошгүй хэмээн Сангийн яамнаас мэдээлж буй. асгийн газар төсвийн тодотголыг боловсруулахдаа улсын нэгдсэн төсвийн орлогыг 6 их наяд 628 тэрбум төгрөгөөр, төсвийн зардлыг 7 их наяд 300 тэрбум төгрөгөөр төсөөлж, алдагдлыг ДНБ-ний 5 хувьтай тэнцүүлэхээр зааж өгчээ.
Өөрөөр хэлбэл, 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцох, баталсан хэмжээг бууруулан, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож төсөвт тусгах шаардлага үүсчээ. Иймд Сангийн сайд Б.Болор энэ сарын 6-нд төсвийн тодотголыг УИХ-ын даргад өргөн барьсан юм.
Уг хуулийг өргөн барьсантай холбогдуулж УИХ-ын дарга З.Энхболд дээрх хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэх тухай захирамж гаргасан. Иймээс чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийг хэлэлцэж эхэллээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Т.Энхэлээ