УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос цаг, үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.
-“Оюутолгой”-н гэрээний асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-“Оюутолгой”-н асуудлаар МАН-ын бүлэгт Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Оюутолгой компани Өмнөговийн гурван суманд жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Энэ санхүүжилт нь зардалд сууж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл хандив нэрийдлээр манай мөнгөөр хөрөнгө оруулчихаад түүнийг нь зардалдаа суулгаж байна. Тэгэхээр Дубайн гэрээг эргэж харах хэрэгтэй.
-Ирэх оны төсвийн төсөлд танай бүлэг ямар байр суурьтай байна вэ? Агентлагуудыг татан буулгах, яамдыг цомхотгохыг дэмжиж байгаа юу?
-Ирэх онд бүтцийн өөрчлөлт хийнэ гэсэн тооцоо судалгаагаа бидэнд ирүүлээгүй. Агентлагуудыг цомхотгож байгаа асуудлыг бүлэг дээр ярьсан. Жишээлэхэд ҮСГ, ИБМУТ-ийг нэгтгээд Засгийн газар дэргэдээ авна гэж байгаа. Энэ нь буруу. Аль ч улс оронд Статистикийн газар нь Засгийн газрын харъяаны бус байгууллага. Өөрөөр хэлбэл статистикийн тоо судалгаа нь ямар нэг дарамт шахалтгүйгээр олон нийтэд мэдээлж байх ёстой. Бараа ажил үйлчилгээ худалдан авах агентлагийг татан буулгаад яамдад байршуулах гэнэ. Энэ бол хамгийн боломжгүй алхам юм. Бараа ажил үйлчилгээ худалдан авах ажлыг цахим хэлбэрт шилжүүлж, нээлттэй явуулахаар зохицуулсан. Харин одоо яам тус бүртээ тендэр шалгаруулах гэж байна. Энэ нь зарчмын хувьд буруу. 2015 онд төсвийн тодотголоор 6.1 их наядын орлого, ирэх онд 6.9 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцсон. Ирэх жилүүдэд эдийн засгийн хүндрэл улам хэцүү болно. Энэ үед орлогыг 800 тэрбум төгрөгөөр тооцож байгаа нь бодитой биш тоо юм. Үүнтэй холбогдуулж зарлагыг нэмэгдүүлж байгаа нь бас буруу. Ирэх жилүүдэд 7.8-7.9 их наядын зарлага гаргахаар оруулж ирсэн байна. Хямралтай үед зарлагыг бууруулж, хямгадахаас бус нэмэгдүүлж байгаа нь буруу. Уг нь зарлагыг бууруулна гэсэн. Бодит байдал дээр 500 орчим тэрбум төгрөгөөр зардал нэмэгдэхээр төсөл өргөн баригджээ.
-Төсвийн орлого нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?
-Орлогыг бодитой төлөвлөх хэрэгтэй. Сонгуульд зориулсан зардлаа санхүүжүүлэхийн тулд орлогыг хийсвэрээр тооцож байгаа нь буруу. Бид аль болох бүсээ чангалж, гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Дотоодын хувийн хэвшлийг, баялаг бүтээгчдээ дэмжвэл нэмүү өртөг нэмэгдэнэ. Гэтэл татвар төлөгч, баялаг бүтээгчдээ дэмжихгүй хорьж цагдаж байна. Энэ хэрээр эдийн засаг агшиж байгаа. Эдийн засаг агшихын хэрээр үрэлгэн зардлаа багасгах ёстой байтал зардлаа 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, энэ хэрээр орлогоо хиймлээр өсгөж болохгүй.
-Орлогоо нэмэгдүүлэх ямар боломж байна вэ. Орлого нэмэгдүүлсэн дээр шинээр өр тавих асуудлууд туссан уу. “Стэнд бай” хөтөлбөрийг авах төвшинд хүрсэн үү?
- Орлогыг бодитой төлөвлөхгүй сонгуульд зориулсан зардлаа санхүүжүүлэхийн тулд орлогыг хиймлээр тооцох нь буруу. Бид аль болох бүсээ чангалж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага байна. Дотоодынхоо эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх юм бол нэмүү өртөг бий болно, улсын төсвийн орлого татвараар нэмэгдэнэ. Гэтэл баялаг бүтээгчдээ бүгдийг нь айлгаад хянана, шалгана гэснээс татварын өр бий болж, эдийн засаг агшиж байна. Эдийн засаг агшиж байхад төсвийнхөө үрэлгэн зардлуудаа багасгах ёстой байтал зардлаа 500 тэрбумаар нэмэгдүүлнэ, үнийгээ санхүүжүүлэхийн тулд орлогоо хиймлээр нэмэх нь буруу.
-Дэлхийн банк жил бүхэн 100, 100 саяар зээл олгоно гэж ярьж байна.
-1990 оноос 2012 он хүртэл 2 тэрбум ам.долларын зээл гаднаас авсан. 2012-2015 оныг хүртэл 3 тэрбум ам.долларын зээл, дээр нь “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 2 их наяд төгрөг зарцуулсан. Нийтдээ 5 их наяд долларыг эдийн засаг руу хийсэн мөртлөө 2012 онд эдийн засгийн өсөлт 17.5 хувь байсан бол 3 хувь болж буурсан. Ийм үед 100 сая долларын зээл эдийн засагт сэргэлт авчирах уу, та бүхэн тооцоо хийгээд үз.
-Ерөнхий сайдад өгсөн шаардлагын хариу ирсэн үү?
-Өнгөрсөн пүрэв гаригт шаардлага өгсөн, тодорхой хугацаатай. Хүлээж байна.
-Өршөөлийн хууль яагаад саатчихав. Танай бүлэг завсарлага авсан?
-Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны төвшинд процедурын алдаа гарсан. Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихдаа зүйл заалт бүрээр тавьсан. Энэнийх нь дагуу хоригийг хүлээж авах эсэхийг шийдэхдээ зүйл заалт бүрээр хураасан. Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг байнгын хороогоор хэлэлцэж, санал хураахдаа нийт 11 зүйл заалтаар санал хураасан боловч түүнийгээ чуулган руу оруулахдаа Өршөөлийн хуулийг баталъя гэдэг нэгхэн санал хураалтаар явуулна гэдэг асудал яригдсан. Энэ нь алдаа болсон гэдгээ Хууль зүйн байнгын хороо хүлээн зөвшөөрсөн. Үүнийг өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч байнгын хорооны даргын томилгооны асуудлаас болж, байнгын хороо хуралдаж чадаагүй, завсарлага авсан. Байнгын хорооны даргаа хурдан шийдээд Өршөөлийн хуульд оруулах өөрчлөлтийг зүйл заалтаараа батлаад явах. Өөрөөр хэлбэл, уг хууль зүйл заалтаар батлагдах юм бол хэн ямар санал өгч байгаа нь ил тод харагдана. Ерөнхийд нь батлах юм бол хэн авлига албан тушаалын гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэхийг дэмжиж байна, дэмжихгүй байна вэ гэдэг тодорхой биш болно.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)