УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж "Өршөөлийн хууль наймдугаар 11-нд батлагдсан. Батлагдсан өдрөөсөө дагаж мөрдөхөөр байгаа. Харин Ерөнхийлөгч энэ хуульд наймдугаар сарын 17-нд хориг тавьсан. Тэгэхээр хэрэгжиж байсан наймдугаар сарын 11-16-ны хооронд шийдвэрлэгдсэн асуудал хоригт хамаарах уу. Энэ хугацаанд Өршөөлийн үзүүлэх ажлыг зохион байгуулах комисс авлига, албан тушаалын хэргийг өршөөлд хамруулахаар шийдвэрлэсэн байвал яах вэ. Аль хуулийг нь дагаж мөрдөх гэсэн үг вэ" гэсэн асуулт тавьсан юм.
Гишүүний асуултад ажлын хэсгийнхэн “Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан тул авлига, албан тушаалын хэрэг өршөөгдөхгүй" гэсэн хариултыг өгөв.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Өршөөлийн хуулиар бид улс төрийн шийдвэр гаргах ёстой. Манайд хүний эрх зөрчигдөж ирсэн. Иргэний шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэгт эрүүгийн хэрэг оноодог. Тиймээс бид энэ хуулиар хүний эрхийг хамгаалах ёстой" гэлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)