Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд... Энэ юутай үнэн үг вэ. 2012 онд 40 настай эмэгтэй согтуудаа ээжийгээ хутгалсан хэрэг гарч байлаа. Гэтэл саяхан 20 настай охин 54 настай ээжийгээ 32 удаа хутгалан амь насыг нь хэрцгийгээр хороосон байна. Ийм адгуу санаатай, ядуу сэтгэлгээтэй хүнийг тэр гайхамшигт эх тээж төрүүлэхдээ эцэст нь охиныхоо гарт амиа алдана гэж ёстой төсөөлөө ч үгүй байсан байх. Ирээдүйд ээж болох хүн энэ хэргийг үйлдсэн аж. Яаж тэгж хэрцгий, балмад зан гаргаж зүрхэлж байна аа. Эмэгтэй хүн шүү дээ. Арван сар алтан хэвлийд нь жаргаж, ангир уургийг нь залгилж хүн болчихоод уу...
Энэ хорвоогийн хамгийн гайхамшигт хүн бол ээж гэж бид бүхэн ярилцдаг. Тэгээд лээжийнхээ хайранд нялхарч, ээждээ амиа тавьдаг. Ээжийнхээ ачийг хариулах гэж, санааг нь зовоохгүй сайхан амьдрах гэж үр хүүхэд бүхэн нь хичээдэг. Гэтэл эх үрийн алтан холбоог уландаа гишгэж, эрлэгт ч очихооргүй том нүглийг тэр нэгэн үр үйлджээ. Яаж ийм зүйлийг хийж чадаж байна?
20 настай залуухан бүсгүй ийм, хэрцгий балмад, араатан мэт авирлах нь юу вэ? Өсгөж хүн болгож өгснийх нь хариу энэ үү? Залуу хүнээс, эмэгтэй хүнээс ийм үйлдэл гарсан гэхээр үнэхээр айдастай байна. Үрийнхээ сайхан амьдрал, эрүүл жаргалын төлөө өөрийгөө зольж чаддаг хамгийн зоригтой хүн бол ээж гэдгийг амьдрал нотолдог. Энэ амиа алдсан ээж ч бас охиныхоо сайн сайхан амьдрал, зөв замыг зааж өгөх гэж байгаад охиныхоо гарт амиа алдсан байх. Гэр бүлийн маргаан, таарамжгүй харьцаанаас үүдэн ийм хэрэг болсон байх. Ямартай ч энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлстсийнхэн шалгаж байгаа юм байна.
Хөхөж өссөн ангир уураг нь дотроо гашилж, төрүүлж, торниулж өгсөн ач бүхнийх нь төлөө эхийгээ хороох нь юутай их үйлийн үр вэ? Хүн ёсоор амьдраад, ээждээ загнуулаад л сууж байна биз дээ. Одоо тэр охин хэнд гомдоллож уураа гаргаж, хэнээр өөрийгөө тайтгаруулах юм бол. Үнсүүлэх ээжтэй, аргадуулах аавтай байна гэдэг амьдралын хамгийн том аз завшаан байдаг. Үхсэн ч гэсэн үрийнхээ төлөө залбирч бай гэж тэр гайхамшигт ээжид зориулан энэхүү эсээг бичлээ.
Үрийнхээ төлөө өөрийгөө зориулж, үсээ цайтал, үйлээ дуустал тэмцдэг эхчүүдээ амьдад нь хайрлах ухаан энэ охинд даанч нэг заяасангүй дээ. Одоо тэр харамсахын ихээр харамсаж, гашуудахын ихээр гашуудаж байгаа. Арга ч үгүй биз. Төрүүлсэн эхийгээ өөрийнхөө гараар хороосон хүн. Одоо өөрийнхөө ухаан муутайд, ууртайд, хүйтэн мэс атгалсан гартаа гомдолж, түүнийхээ үйл лайг үүрч гянданд ухаажихаар сууж байна. Элгээ эмтэртэл, зүрхээ зогстол өөрийгөө буруутгаж уйлсан ч түүний ээж ахиж төрөхгүй. Амь, сүү, хүйн холбоогоо өөрөө таслаж, амьдрал, мөрөөдөл, жаргалынхаа үндсийг сугалсан тэр охин шоронд сууж байгаа.
Буруу үг хэлчихвэл сэтгэл нь гомдчих вий, буруу явбал санаа нь зовчих вий хэмээн ихээр эмээж, алдаа болгоноо нууж, баярт мөч бүхнээ ээжтэйгээ хуваалцдаг охид маань эндээс нэгийг ухаарах биз. Тархин дах ухаан нь үхэж, цээжин дэх сэтгэл нь хөрж, хөхсөн сүүгээ цусаар, нулимсаар сүлж амьдралаа өөрийн гараар нураасан тэр охинд хорвоогоос одсон ээж магадгүй гомдоогүй биз. Үхтэл үр харам гэж хүйтэн мэс биедээ дүрүүлж байхдаа ч гэсэн охиноо хайрлаж, охиндоо баярлаж байсан биз. Чиний сайхан амьдралын төлөө чиний хамгийн эрхэм хүн ингэж амиа өгч байхад чи түүнийг алж, сэтгэл чинь ханав уу?
Ээжээ гэж дуудан гараас хөтлөн, мөөмнөөс нь зүүгддэг байсан балчирхан охин одоо ухаан суужээ... Ээжийгээ хороох ухааныг тэр хэнээс өвлөсөн бол. ЭХ ҮРИЙН АРИУН ХОЛБОО мөнхөд тасрах ийм жигшүүрт хэрэг ахин бүү давтагдаасай.
З.Хуяг
Сэтгэгдэл (8)