УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар байр, сууриа илэрхийллээ. Тэрбээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил нь цагийн гарз гэж хэлэв.
Тэрбээр энэ талаар “МАН энэ төслийг дэмжихгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад 57 гишүүн хэрэгтэй. Манай 25-ыг хасаад, АН-ын дэмжихгүй байгаа гишүүд ч бий. Тиймээс энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд ард нийтийн санал асуулга явуулах болбол дахиад 57-оос доошгүй гишүүнтэйгээр энэ асуудлыг шийддэг горим тогтоосон. Тэгэхээр санал асуулга нь ч хийгдэхгүй. Үүнийг цааш нь хэлэлцэх нь ажлын, цагийн гарз. Ажлын хэсгийн гишүүд нь ч мэдээгүй заалтуудыг оруулсан гэж байгаа. Тэгэхээр энэ ер нь хууль ёсоор өргөн баригдсан баримт бичиг мөн үү. Ер нь дараагийн парламент бүрэн эрхээ хэрэгжиж эхэлснээс хойш Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих ёстой. Түүнээс бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар яригддаг асуудал биш. Одоогийн энэ хямрал, тартагтаа тулж байгаа нь Үндсэн хуулиас болоод байгаа юм биш. Харин засгийн эрх авсан эрх баригчид үүнийг хямруулаад байгаа юм. Өөрсдийнхөө булхайг Үндсэн хууль руу чихэж гарах улс төрийн залилан явж байна. Энэ АН-ын фракц хоорондын дайн дээр хоорондоо таардаггүй МАХН, “Шударга ёс эвсэл”-ийнхэн нэмэгдээд 45 хүний дунд долоо, найман фракцад хуваагдчихаад байгаа юм. Энэ л бүх зовлонгийн үүр уурхай болоод байна. Үндсэн хуулийн энэ нөхцөлд бид 2012 онд эдийн засгийг өсгөж л байсан. 2000 онд -1 хувийн өсөлттэй эдийн засаг хүлээж аваад 2004 онд 10.6 хувийн өсөлттэй эдийн засгийг Ц.Элбэгдоржийн Засгийн газарт хүлээлгэн өгч байсан. Асуудал Үндсэн хуульд биш эрх барьж байгаа намд л байгаа юм. Нэгнийхээ хий гэж байгаа ажилд тээг тавьсаар байгаад л бүх зүйлээ унагаж байна. Маш товчоор хэлбэл засаглаж л чадахгүй байна. Засаглаж чадсан тохиолдолд бүх зүйлийг аваад явж болдог” гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (8)