УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны эхэнд “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, хууль санаачлагч болон холбогдох албаны хүмүүсээс төсөлтэй холбоотой бүрэн мэдээлэл авсны үндсэн дээр УИХ-ын хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй гэж үзэж ирэх даваа гаригийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулав.
“Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг гаргаж ажиллахаар шийдвэрлэв.
Улсын Их Хурлаас байгуулах Сонгуулийн хуулийн төслүүдийг нэгтгэж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын хэсэгт бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн, бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нарыг ажиллуулахаар тогтсон байна.
Үүний дараа АНЭУ-ын Дубай хотноо 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” буюу “Дубайн гэрээ”- г хэлэлцлээ.
Тус гэрээ байгуулсан үеэс эхлэн бүлэг хамгийн их идэвхитэй байр суурь баримталж, тус асуудалтай холбогдуулж бүлгээс мэдэгдэл шаардлагуудыг удаа дараа Ерөнхий сайдад явуулж байсан юм. Энэ удаад Дубайн гэрээний эх үндэс болсон анх 2009 оны 10 дугаар сард байгуулж байсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг бүхэлд нь хөндөж асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэв.
Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн асуудал дээр бүлэг саналаа нэгтгэжээ.
Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлаар бүлэг энэ долоо хоногийн лхагва гаригт ээлжит бусаар хуралдаж, уг асуудлыг дахин хэлэлцэхээр шийлвэрлэсэн байна. Мөн Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын асуудлаар мэдээлэл сонсох, түүнчлэн Ерөнхийлөгчтэй холбоотой багц асуудал болох Ерөнхийлөгчийн гадаад айлчлал, Монгол Улс байнга төвийг сахих тухай, АСЕМ, Халх гол чөлөөт бүс, Эрдэнэс Таван Толгой ХХК-ны үйлдвэрчний эвлэлийн дарга н.Эрдэнэ зэрэг асуудлуудаар ээлжит бус хурал дахин задлаж хуралдахаар тогтсон байна.
Т.Сар
Сэтгэгдэл (6)