Өнгөрсөн оны наймдугаар сард дөрөв хоногтойгоос гурван сар хүртлэх насны 16 нярай “Монос”-ын эмэнд хордсон хэрэг гарсан. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмчийн бичиж өгсөн сэтгэцэд нөлөөтэй “Люминал” эмийг “Монос-Эх нялхас” эмийн сангийн ажилтан алдаа гарган, том хүний тунгаар дээрх хүүхдүүдэд өгсөн байдаг.
5-10 мг-аар уух ёстой тус эмийг 200 мг-аар уусан хүүхдүүдэд эмийн хордлогын эсрэг эмчилгээ, ходоодны угаалга хийсэн ч хоёр хүүхдийн байдал “хүнд” гэсэн оноштойгоор жил гаруй хугацааг өнгөрүүлээд байна.
Тэгвэл тэдний нэг ой гарантай О охин ЭХЭМҮТ-ийн сэхээнд эмчлэгдэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд болсон анхан шатны шүүх хурлаар “Монос” эмийн үйлдвэрийн удирдлагуудыг шалгах асуудлаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.
Д.Дуулим