“Content Summit 2015”арга хэмжээний НОМ хэсгийг та чиглүүлэх юм байна. Хариуцсан хэсгийнхээ талаар мэдээлэл өгнө үү?
Контент бүтээх үйл явцад анхаарал тавьж, цогцоор нь асуудлаа ярилцаж байгаа хамгийн том чуулган гэж миний хувьд үзэж байна. Энэ өдөр оюуны бүтээл мэдээ, кино, комик ба анимэшн, видео, дуу хөгжим, дизайн гэрэл зураг, сошиал медиа контент гэсэн бүх төрлийн контентийг тухайн чиглэлүүдэд амжилттай ажиллаж яваа залуус ярих юм байна лээ. Надад “НОМ” хэсгийг чиглүүлэх үүргийг зохион байгуулагчид өгсөн. Гол санаа нь НОМ бүтээх үйл явцыг хэрхэн бизнес болгох вэ, энэ талын туршлага, сургамж, ололтууд юу байгаа талаар ярилцана гэсэн төлөвлөгөөтэй байна.
Ном бүтээгчид оролцох уу?
Арга хэмжээний панел хэсэгт Тагтаа паблишингийн захирал Б.Баясгалан, Гэрэг сэтгүүлийн орлогч эрхлэгч Ж.Тэгшжаргал, Чонон сүлд номын зохиогч Д.Болдбаатар, Ногоон нүдэн лам номын зохиогч УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, “Аз хур” номын дэлгүүрийн менежер зэрэг хүмүүс оролцохоор болсон мэдээлэлтэй байгаа. Тун удахгүй зочдын нэрс тодорхой болох юм.
Оюуны бүтээлийн оршихуй, үнэ цэнэ, ирээдүйн талаарх таны үзэл бодлыг сонирхож болох уу?
Контентыг бүтээж буй хүмүүс бол зөвхөн авъяас билэгтэнгүүдийн цуглуулга биш. Тэд улс орны эдийн засагт хувь нэмрээ бодитоор оруулдаг, оюуны үйлдвэрлэгчид юм. Бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэж дэлхий дахинаа аль хэдийнэ яригдаад эхэлсэн. Энэ салбарын зах зээлийн үнэлгээ гэхэд таван жилийн дараа 3 их наяд ам.долларт хүрэх болно гээд эдийн засагчид тооцоолсон нь бий. Бид хоцормооргүй байна. Боломжийг яаж ашиглах талаар эрт хэлэлцэж, хамтдаа шийдвэр гаргах хэрэгтэй. Оюуны өмчийн асуудал мэдээж сөхөгдөнө. Бүтээлийг баялаг болгох хэрэгцээ маш их байгаа. Номоо бичих, зарах, үнэлүүлэх гэх мэт бүх ажиллагаа яг л үйлдвэр шиг нарийн байх ёстой гэж боддог. Санаа нь, зохиолчид зөвхөн чанартайг туурвиж, бусад ажлыг мэргэжлийнх нь чаддаг хүмүүсээр хийлгэх гэсэн үг юм уу даа.
Гарцыг хэрхэн харж байна?
Олуулаа ярилцана аа. Яахав жаахан удаан ч гэсэн монголчуудын үнэлэмж өөрчлөгдөж байна. Оюуны бүтээлчдийн өрсөлдөх чадвар, боломжуудын талаар мэдлэг, туршлагатай олон хүн “Content Summit”-д оролцож илэн далангүй ярина. Хамтдаа юуг хэрхэн яаж хийх арга замаа шийднэ. Ямар ч байсан контент бүтээгчдэд зориулсан эхний шатны шийдлүүд энэ үеэр гарчих болов уу гэсэн хүлээлт байна.