Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, дүүргийн Засаг даргын орлогч Д.Анхбаяр, “Жи Жи Ай” компаний захирал С.Сэнгэ-самбуу болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх 2-5 насны 12000 хүүхэд байна гэсэн статистик тоо байдаг бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн 26, хувийн хэвшлийн 69 нийт 95 цэцэрлэгт 9800 хүүхэд хамрагдаж хамтрах сургалтын хувь 81,6 хувь болж өмнөх оноос 5,2 хувиар нэмэгдэв. Тус цэцэрлэгийн хуучин барилга нь 1954 онд ашиглалтад орж 60 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй болж, 2014 онд нураах барилгын жагсаалтад орсон учир хуучин барилгыг буулгаж шинэ цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа.
Цэцэрлэгийн барилгын нийт төсөвт өртөг нь 1 тэрбум 610 сая төгрөг бөгөөд “Жи Жи Ай” ХХК 4 сар гаруй хугацаанд гүйцэтгэв. Шинэ цэцэрлэг нь 8 бүлэг, 200 хүүхдийн хүчин чадалтай, 35 ажилтантай юм. Цэцэрлэгт нийт 350 хүүхэд бүртгэгдсэнээс 258 хүүхэд хамрагдаж байна. 27 дугаар цэцэрлэг нь 2015 онд Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орж буй гурав дахь цэцэрлэг бөгөөд өмнө нь 209 болон 223 дугаар цэцэрлэгийг шинээр байгуулсан юм. Тус дүүрэг энэ онд нэг цэцэрлэг болон 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Хан-Уул дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.