Ирвэс хамгаалах сангийнхан өнөөдөр хэвлэлийн бага хуралд зарлаж, Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай залуу учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэв.
Өмнө нь талийгаач Л гурван ч удаа халдлагад өртөж байсан бөгөөд тухай бүрт нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэргийг нь хааж байжээ.
Тиймээс биологич залуугийн амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдэгдэхгүй өнгөрөх вий хэмээн болгоомжилж байгаагаа дуулгалаа. Тус сангийнхан цаашид талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахын тулд хувийн мөрдөгч хөлслөх бодолтой байгаа гэдгээ ч энэ үеэр хэлж байсан юм. Хэдийгээр хувийн мөрдөгч манай улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй ч хэргийн үнэн мөнийг олохын тулд боломжтой бүхнийг хийнэ гэдгээ ч дуулгасан.
Хэргийн талаар эргэн сануулбал Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай залуу учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач Л нийслэлд амьдардаг байсан бөгөөд энэ сарын 5-нд “Машинаа гараашдаа тавьчихаад ирье” хэмээн гэрээсээ гараад сураггүй болжээ. Зургаан хоногийн дараа Хөвсгөл далайн эргээс машиныг нь аймгийн цагдаа олсон юм. Нийслэлд гэрийнхээ ойролцоо машин тавихаар гарсан залуу Хөвсгөл нууранд осолдсон шалтгааныг цагдаа нар гадны ямар нэгэн нөлөөтэй гэж үзэн шалгаж эхэлсэн.
Ирвэс хамгаалах сангийнхан уг явдлыг бусдын дарамт шахалтын улмаас болсон гэж мэдэгдэж байгаа. Талийгаач тус санд биологич мэргэжлээр ажиллаж байсан бөгөөд цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байжээ.
Юутай ч хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэ хэрэгт Мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарсан аж.
Талийгаач залуугийн аавынх нь хэлж буйгаар хүүг нь хэд хэдэн удаа дарамталж байсан аж. Мөн эх сурвалжууд талийгаачийг камерт өртсөн хулгайн анчид барьцаалж заналхийлсэн гэж байгаа ч аавынх нь зүгээс Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй уул уурхайн компаниудын дарамтанд орсон байж болзошгүй гэж үзэж байгаагаа хэлж байсан юм.
Сэтгэгдэл (6)