“Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Монгол Улсын Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах зорилт”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” шалгаруулах ёслолын ажиллагаа 2015-11-27-ны өдөр Нийслэлийн Иргэний танимд болж өнгөрлөө.
Тус арга хэмжээний зорилго нь хүнсний боловсруулах үйлдвэрлэлд түүхий эд, материал хүлээн авахаас эхлэн тухайн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих хүртэлх бүх үе шатанд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг нэвтрүүлж, чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг хангах нөхцөлийг бүрдүүлж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, иргэнийг шалгаруулах явдал байлаа.
Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” шалгаруулах үйл ажиллагааг НМХГ-аас 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаагийн шалгаруулалтад оролцохоор цаасан буюу цахим хэлбэрээр ирүүлсэн 48 аж ахуйн нэгж, иргэний хүсэлтийг хүлээн авч, шалгуур үзүүлэлтийн шаардлага хангасан 21 аж ахуйн нэгжийн нэрийг НМХГ-ын цахим хуудсанд байршуулж, хэрэглэгчдийн хамгийн өндөр санал авсан 10 аж ахуй нэгжийг шалгаруулсан.
Хяналт шалгалтын явцад хяналтын хуудсуудаар бага эрсдэлтэй үнэлэгдсэн байх, хүнсний үйлдвэр нь 3 жилээс дээш хугацаанд үйл ажиллагаагаа тогтмол явуулсан байх, сүүлийн 3 жилд тухайн үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс шалтгаалан олныг хамарсан хордлого, хордлогот халдварт өвчин гарч байгаагүй байх, дотоод хяналтыг үйл ажиллагааныхаа чиглэл, онцлогт тохируулан бүхий л шат дамжлагад хэрэгжүүлдэг байх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох “Урагш нэг шат”, “Хойш нэг шат” бүртгэл хөтлөлтүүдийг хөтөлж хэвшсэн байх гэсэн шалгуурууд болон хэрэглэгчдийн саналыг үндэслэн “Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”, “Монголын хүнсчидийн холбоо”-той хамтран үйлдвэрлэгчийг шалгаруулсан юм. Энэ оны Хэрэглэгчдэд Ээлтэй хүнс үйлдвэрлэгч номинацийн эзнээр “АПУ” ХК /Сүүний үйлдвэр/ ,“Талх чихэр” ХК, “Батбайгаль” ХХК , “Витсамо фрут жүүс” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Мөнхийн болор” ХХК ,“Дөрвөн өлзий” ХХК ,“Эко эрдэнэ” ХХК ,“Эм Ти Жи Эй” ХХК ,“Агь” ХХК гэсэн аж ахуй нэгж байгууллагууд тодорлоо.
Сэтгэгдэл (1)