Авлигын хэргээр шалгагдаж буй Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй. Улмаар Засгийн газрын өнгөрсөн удаагийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн түүний ажлыг Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатарт түр хариуцуулахаар болсон юм.
Өөрөөр хэлбэл түүний орны хүнийг жинхлээгүй байгаа гэсэн үг. Учир МАХН-аас орных нь хүнийг сонгох ёстой бөгөөд тэд Г.Шийлэгдамбын асуудал цэгцэртэл харна гэсэн зүйлийг яриад байгаа юм. Харин АН-ын зүгээс энэ албанд хүн томилохыг шаардаж, яаравчлуулаад байгааг МАХН-ын нөхөд хэлсэн байдаг.
Тэгвэл Сайд болоод Төрийн нарийн бичгийн даргагүй ажиллаж буй тус салбарыг удирдах хүнийг МАХН-ынхан тодруулсан бололтой.
Тодруулбал, МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, ЭМС-ын сайдад гавьяат эмч Л.Жамбалжавыг нэр дэвшүүлэхээр болжээ.
Л.Жамбалжав нь МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчээр ажиллаж байсан гэдгийг иргэд мэдэх биз ээ.
Д.Дуулим