Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр Монгол Улсын иргэн Абдул Карим худалдаж авав.
Уг нь олноо “Хас”-ын хэмээн нэрлэгдсэн “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг тус үйлдвэрийн барилгыг иргэдтэй хамтраад авах санал гаргасан.
Тэрбээр нэг сая төгрөгтэй 1000 хүн байна уу хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдээлж залуусыг эгнээндээ нэгтгээд байсан. Гэхдээ Ч.Ганхуягтай хэдэн залуу нэгдсэн нь тодорхойгүй байсан бөгөөд хэрэв дуудлага худалдаа амжилтгүй болвол нэгдэн залуусынхаа мөнгийг буцаан олгоно гэдгийг ч тэрбээр хэлсэн.
Ямартай ч хэвлэх үйлдвэрийн барилгыг иргэдтэй хамтран хувьчлаж авах Ч.Ганхуягийн оролдлого амжилтгүй болов. Тэрбээр дуудлага худалдааны талаар болон энэ асуудлаар тун удахгүй мэдээлэл хийх болно гэдгээ ч цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Дашрамд сонирхуулахад “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлах шийдвэр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын энэ оны 29 дүгээр тогтоолоор баталгаажсан байна.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах /хуучнаар/ “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга нь Засгийн газрын ордны зүүн талд байрладаг бөгөөд 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5244 м2 талбай бүхий 2 давхар барилга юм.
Барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, цаашид ашиглах боломжгүй. Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2698 м2 эзэмшил газартай. Нээлттэй дуудлага худалдааны доод үнэ 7 тэрбум 155 сая, дэнчингийн хэмжээ 715 сая 500 мянган төгрөг байв.
Сэтгэгдэл (6)