Жавар тачингнасан өвлийн өдрүүд...Амьдрал үргэлжилсээр. Харин Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн харьяа түр хамгаалах байранд амьдрал хэрхэн үргэлжилж байгаа талаар сурвалжиллаа. Жавар хургасан хүйтэн өдрүүдэд сэтгэл жавартай байх л хамгийн хэцүү. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн цөөнгүй хүүхэд эмэгтэйчүүд байрлаж байна. Өвлийн улирал болохоор гэртээ хүчирхийлэлд өртсөн тэдэнд очих газар үгүй. Энд ирээд хууль эрх зүйн зөвлөгөө авч, цагдаагийн алба хаагчдын “халамжинд” цөөхөн өдрүүдийг өнгөрүүлнэ. Дуудлага өгч байгаа хүмүүст мэдээж цагийн хязгаар гэж үгүй. Хэн ч хэдэн цагт ч хандаж магадгүй. 107 дугаарын утсаар зөвлөгөө авах дуудлага тасардаггүй юм байна.
ТОО БАРИМТНЫ ЦААНА
Түр хамгаалах байранд эхний 10-н сарын байдлаар нийт 255 гэр бүлийн нийт 429 үйлчлүүлэгчийг хүлээн авснаас насанд хүрсэн эрэгтэй хүн 2, эмэгтэй хүн 139 эрэгтэй хүүхэд 165, эмэгтэй хүүхэд 123 байна. Энэ бол түр хамгаалах байранд хандсан иргэдийн тоо. Хандаагүй хэдэн хүн байгааг бид таашгүй. Ханддаггүй айдаг. Мэдэхгүй хүмүүс ч байгаа. Энэ тоо бүхний ард гомдол цөхрөл нулимас салалт үзэн ядалт. Үүгээр зогсохгүй эргэж хургасан их уучилал хайр ч байдаг. Болдогсон бол уучилал бүхний тоогоор ухаарал үргэлжилж сайн сайхан амьдрал бүтээсэй. Дахин дахин ирж үйлчлүүлдэг хүмүүс ч байдаг. Өмсөж байгаа хувцастайгаа, тэвэрч зогссон хүүтэйгээ, хөлд орж байгаа охинтойгоо... Нас насны хүүхдүүд. Ээжүүд их ирдэг.
Түр хамгаалах байрны алба хаагчид ирсэн хүмүүст нөхцөл байдлын үнэлгээ хийн эрсдлийн түвшинг тогтоож, түвшингээс нь хамааран гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнийг үргэлжлүүлэн удаан хугацааны хамгаалалтад авах, хорооны хамтарсан багт хүлээлгэн өгөх эсэхийг шийдвэрлэж ажиллажээ. Энэ бол алба хаагчдын үндсэн үүрэг. Харин энэ бүхний дараа эргээд л хүчирхийлэлд өртөөд ирдэг гэхээр асуудал бүрэн шийдэгдэж чадахгүй байна л гэсэн үг. Хамгийн зөв сайн үр дүнтэй шийдвэр бол хүчирхийлэгч л больчихмоор байгаа юм. Гэтэл тийм зүйл үгүй. Яагаад болихгүй байна гэхээр хүүхэд байхаас төлөвшсөн зан төлөв, хүмүүжил, хүний амьдралд байдаг аар саар асуудлууд, эцэг эхчүүдийн анхаарал халамж гээд дуусашгүй урт жагсаал гарна. Тэдэнд том жижиг шалтгаан гэж байдаггүй. Хүсвэл шууд л хүчирхийлдэг.
ҮГ ҮНЭ ЦЭНЭЭ АЛДЖЭЭ
Бид хүчирхийлэгч хүчирхийлэгчийг төрүүлдэг гэж ярьж бичээд удаж байна. Үг хэрэгжихгүй үнэ цэнэгүй болж дээ. Төрийн болон төрийн бус байгууллагын цөөхөн хэдэн хүмүүсийн ажил биш хамгийн гол нь хүн бүрийн сэтгэлийн боловсрол, амьдралын үнэ цэнийг мэдрэх ухаарал үгүйлэгдэж байгаа юм. Эцэг эхийгээ хайрлаж байгаа газар бурхан багш залардаг бурхан багшийн сургаалд байдаг. Энэ нь хайр байгаа газар гэмт хэрэг хүчирхийлэл байхгүй гэсэн үгтэй дүйцэх шиг санагддаг.
Түр хамгаалах байрнаас гэр бүлийн хүчирхийллийн хохирогч иргэдийг хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 8, хорооны хамтарсан багт 35, эцэг, эх, асран хамгаалагчид нь 179, асрамж, халамжийн төвд 17, дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвд 76, харьяа дүүргийн цагдаагийн эрүүгийн төлөөлөгч, хэрэг бүртгэгч, хэсгийн байцаагч нарт 6, Төрийн бус байгууллагад 8 иргэнийг холбон зуучилж, хүлээлгэн өгсөн ба өөрийн хүсэлтээр 88 гээд нийтдээ 417 иргэн хамгаалах байраар үйлчлүүлээд гарчээ. Энэ тоон дээр хүйтний эрч чангарсан 11-р сард ирж хамгаалалтын үйлчилгээ авсан иргэдийн тоо нэмэгдэнэ.
ТА 107 ДУГААРЫН УТСЫГ МЭДЭХ ҮҮ?
Түр хамгаалах байрны 107 дугаарын утсаар болон биеэр ирж гомдол мэдээлэл өгсөн иргэдийн гомдлыг шийдвэрлүүлэхээр харьяа дүүргийн цагдаагийн газар, хэлтэс, хороодын засаг дарга нарт болон холбогдох бусад байгууллагад 68 албан тоотыг хүргүүлэн үр дүнг нь тооцон ажиллажээ. Байгууллагууд албан бичиг бичиж, бичиг бүрийнхээ араас санаа зовниж, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийнхээ төлөө дор дороо л шийдэх гэж санаа зовнино. Хүмүүсийн ярьдгаар “стресстэй” ажил юм. Харин үр дүн нь янз бүр. Гэр бүл салалт их. Дахин хүчирхийлэлд өртөх хүмүүс элбэг. Энэ их тооноос ганц хоёроор л тоологдох эвлэрэл. Тэгэхээр ирээдүйн хүчирхийлэгчийг төрүүлэхгүй байх гүрний бодлогыг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Гэмт хэрэгтэн бүхэн хүүхэд байсан. Тэд яагаад гэмт хэрэг үйлдсэн шалтгааныг илүү тодорхой болгож, бодлогын түвшинд одоогийн хүүхдүүдээ гэмт хэрэгтэн болгохгүйн төлөөх ажлыг илүү өргөн хүрээнд зохион байгуулах шаардлага цаг ирэх бүрт тулгарч байгаа юм. Өө тиймүү гэж өнгөрөөж болохгүй энэ сэдвээр цөөхөн хэд байгууллага биш хүн бүхэнд хамаатай санагдана.
Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 тусгай дугаарын утсанд л гэхэд иргэдээс, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 9484 дуудлага, гомдол мэдээлэл ирснийг бүртгэлд авч, архидан согтуурч, гэр бүлдээ агсам тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсаны улмаас Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын Баривчлах төвд баривчлагдсан 739 Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Албадан саатуулах төвд саатуулагдсан 1083, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Түр саатуулах байранд саатуулагдсан 1479 иргэнийг нэгдсэн судалгаанд авч сан бүрдүүлэн ажиллаж байна. Энэ бол эхний 10-н сарын байдлаар зөвхөн нийслэл хотын хэмжээнд гарсан тоо. Тоо бүхнийг тоохгүй, асуудал болгоныг анзаарахгүй орхиж боломгүй санагдана.
Уул уурхай, улс төр, зам харилцаа хөгжил дэвшлийн талаар бидний мэдлэг, бичигдэх мэдээлэл, яригдах асуудал нимгэдээгүй. Харин энэ бүхэн гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, байгууллага бүрийн хүн хүний оролцоо, идэвх чармайлт, баг хороо болгонд амьдарч байгаа иргэдээс шалтгаална. Олон сахилгагүй хүүхэдтэй айлын амьдрал ямар л байдаг билээ. Тийм л юм болоод байна даа. Сахилгатай хэдэн хүүхдүүд нь хичээгээд, сахилгагүй хэд нь нураагаад байвал бүтээх хэцүү, нураах амархан шүү. Бүтэн хайрыг гэр бүлдээ зориулж, хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэггүй сайхан амьдарья.
Б.Төгөлдөр