УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх байсан ч ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа.
Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хөдөө томилолттой явна. Мөн тус ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлт гараагүй байна. Тиймээс хуралдааныг хойшлуулах санал гаргаж байна" гэж хэлэв.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын асуудлыг улс төржүүлж байна. Тэгэхээр уг асуудлыг ойрын хугацаанд яаралтай хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. МАН-ын гишүүдийн компани "Хөгжлийн банк"-аас мөнгө авсан мэтээр иргэдэд буруу, зөрүү ойлголт төрүүлээд байна. Тиймээс уг асуудлыг ард иргэдэд нээлттэйгээр хэлэлцэх хэрэгтэй. Ажлын хэсэг дүгнэлтээ яаралтай гаргаж УИХ-д оруулж ирэх хэрэгтэй" гэлээ.
Харин ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Уг асуудлыг одоо хэлэлцээд шийдвэрлэх хэрэгтэй. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх гэхээр АН-ынхан зугатаж байна. Өмнөх долоо хоногт картаа сугалж хурал хаяж гарсан. Тэгэнгүүтээ МАН-ынхан Хөгжлийн банкнаас мөнгө авсан гэж зохион байгуулалттайгаар гүтгэж байна. Манай намын гишүүдийн оролцоотой компаниуд хууль журмынх нь дагуу Хөгжлийн банкнаас зээл авсан. Ямар ч компани, аж, ахуй нэгж хуулийн дагуу зээл авч үйл ажиллагаагаа явуулах эрхтэй. Хамгийн гол нь бид уг асуудлыг ярих гээгүй. Мөнгө дутсан болон өөр бусад ноцтой зөрчлүүдийг ярих гэж байна. Түүнээс биш "Тэр компани хэдэн төгрөгийн зээл авсан" гэж ярихгүй. Тухайлбал, "Говь" компанийн 8 сая хувьцаанаас 10 ширхэгийг л эзэмшдэг манай намын дарга М.Энхболдын талаар "МАН-ын даргын хувьцаа эзэмшдэг компани зээл авсан" гэж ярьж, бичиж байна. "Говь" компани бол 16 мянган хувьцаа эзэмшигчтэй. Гэтэл түүний 000.1 хувьд хүрэхгүй хувьцаа эзэмшдэг хүнийг оролцуулан ярьж улс төржүүлж байна. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг аудитын дүгнэлт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу оруулж ирсэн" гэлээ.
Ингээд уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх нь дэмжив.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)