Нийслэлийн ирэх оны төсвийг нийслэлийн ИТХ-ын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Ингэхдээ төсвийн орлогыг 698.9 тэрбум төгрөгөөр тооцож баталжээ. Хөрөнгө оруулалтад нийслэлийн төсвөөс ирэх онд 200 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд он дамжиж буй бүтээн байгуулалтад 100 тэрбум орчим төгрөгийг зарцуулахаар болсон байна. Харин улсын төсвөөс ирэх онд 100 гаруй тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх юм байна. Тухайлбал, 2700 хүүхдийн багтаамжтай 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хүүхдийн хоёр эмнэлэг, цагдаагийн хэлтсийн нэг барилга, хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга нэг, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг Баянзүрх, Хан- Уул, Сонгинохайрхан дүүрэгт ашиглалгад оруулахаар болсон байна. Дэд бүтцийн хувьд 2500 гэрэлтүүлгийн ажил, орон сууцны хороолол дунд 23 километр авто замын ажил, Налайх, Найрамдал чиглэлиин авто замуудыг шинэчлэн барихаар болсон. Мөн “Их Монгол”, “Баянмонгол” хороолол дахь гудамж, замыг засах, Сонсголон, Яармаг чиглэлийн гүүрийг хос болгохоор тусгажээ. Түүнчлэн ирэх онд нийслэл 132 айлын түрээсийн гурван орон сууцыг ашиглалтад оруулах юм байна.