Сонгуультай холбоотой салангид гурван төслийг УИХ хэлэлцэхээр дэмжээд буй. Харилцан адилгүй, бүр зарим зүйл, заалтаараа нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн тэдгээр төслийг нэгтгэн боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулжээ. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан тус ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей ахлах аж. Ажлын хэсэг арван гишүүнтэй бөгөөд УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нар болон бүлэггүй ИЗНН-ыг төлөөлөн гишүүн С.Оюуныг багтаажээ. Бүлгийн удирдлагуудаас гадна М.Батчимэг, Н.Алтанхуяг, Д.Тэрбишдагва, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар ч тус ажлын хэсгийн гишүүн юм. Өнгөрөгч баасан гаригт байгуулсан тус ажлын хэсэг одоогоор хуралдаагүй байна. Ахлагчаас нь чухам хэзээ хуралдахыг нь асуухад тодорхой тов хэлсэнгүй.
Сэтгэгдэл (3)