УИХ-ын гишүүн Г.Уянга нар өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцсэн Ерөнхий сайдыг огцруулах асуудал болон Оюутолгойн ордыг тойрсон асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр "Өнгөрсөн долоо хоногт нилээд удаан хугацаанд цуглуулсан гарын үсэг бүрдээд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Энд Засгийн газар унаагүй учраас бид ялагдсан юм шиг хүлээж авах хэрэггүй. Энэ бол тодорхой үр дүнтэй үйл ажиллагаа болсон гэж бодож байгаа. Нэгдүгээрт, Оюутолгойн эдийн засагт үзүүлэх үр нөлөө, яагаад бид Оюутолгой, Дубайн гэрээний асуудлаар Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсныг ард иргэд ойлгосон байх гэж бодож байна. Оюутолгой бол өнөөгийн түвшинд дэлхийд нэгдүгээрт жагсаж буй орд. Одоогоор мэдэгдэж буй нөөц нь 7 Эрдэнэттэй дүйцэхүйц зэсийн нөөцтэй, 37 Гацуурттай дүйцэхүйц алтны нөөцтэй. Ашиглалтын явцад нөөц нь өсөх магадлалтай. Энэ ордоо ашиглаад сайхан амьдарч болох байтал бид их өрөнд ороод байна. Анх тус ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд 4 тэрбум ам.долларыг тусгаж, эхний ээлжинд ил уурхайг 30 жил ашиглана. Гучин жилийн хугацаанд ашиг олоод далд уурхай руугаа орно гэсэн ч ашиглалтын явцад анхны хүлээн зөвшөөрсөн 4 тэрбум ам.доллар 8,4 тэрбум ам.доллар болж өссөн. Үүн дээр нь маргаан үүсгээд явж байтал Дубайн гэрээг байгуулсан. Үүгээр 6,8 тэрбум ам.доллараар төслийг нэмэгдүүлсэн. Гэхдээ УИХ Засгийн газрыг огцруулах асуудлыг нилээд өндөр хувьтай хэлэлцэж Дубайн гэрээний асуудлыг ингэж чухлаар ярьсан нь тодорхой хэмжээний үр дүн авчирна гэж бодож байна. Дубайн гэрээгээр авсан 6.8 тэрбум долларыг манай хойч үе маань төлнө. Ийм гэрээ байгуулсныхаа төлөө Засгийн газар огцрох ч багадна. Эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Өнгөрсөн долоо хоногт огцрохоос бултаж амжсан ч гэсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газар түүхэн хариуцлагаас мултарч чадахгүй гэж хэлмээр байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн тэр чуулган бол эрх баригчдад хатуу сануулга өгсөн. Яг үнэндээ, УИХ-ын олонхи нь Засгийн газрыг сайн ажиллаж байгаа гэж авч үлдээгүй. Эрх баригч Ардчилсан нам гишүүдийг бүгдийг нь тойргоор нь барьцаалж эерэг санал өгүүлсэн. Тэрнээс ямар нэг барьцаагүй бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах санал УИХ-д давамгайлж байсан. Нөгөө талаас “Шударга ёс” эвсэл албан тушаалын барьцаа хийж гишүүдээ базсан. Тийм учраас энэ Засгийн газар барьцаатайгаар, ихээхэн хүнд нөхцөлд үлдсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. МАН бол элдвээр хэлүүлж доромжлуулсан боловч хойч үедээ хэрэгтэй түүхэн шийдвэр гаргахад нөлөө бүхийн оролцоотой байсныг хэлье. Бас их зарчимтай,байр сууриндаа хатуу, зөв зүйлд зангидагдаж саналаа өгсөн МАН-д талархалаа илэрхийлэх ёстой" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ үеэр Оюутолгойн төслийн манай улсад үзүүлж буй эдийн засгийн нөлөөг тоо баримтаар өгүүллээ. Тэрбээр хэлэхдээ Оюутолгойн гадагш гаргаж буй баялагийн хэмжээ өсөлттэй байгаа ч үр нөлөө нь улс орны эдийн засагт сайнаар тусахгүй байна гэсэн юм. Мөн тэрбээр Органик хүнсний тухай хууль, Алслагдсан бүс нутагт татварын хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийг дэмжихээ илэрхийлсэн бол Гацууртыг асуудлыг дэмжихгүй гэдгээ хэлсэн. Түүнчлэн одоогоор ирэх УИХ-ын сонгуульд оролцох эсэхээ сонгогчдоосоо асуусны дараа шийднэ. Ямартай ч одоогийн бүрэн эрхийн хугацаанд бие даагчийг байр сууриа хадгална" гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (82)