Хоёр сар орчмын өмнө батлан даалтаар гарсан Эрүүл мэнд спортын сайд асан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба өөрийн холбогдсон хэргийн талаар ил захидал бичиж, мэдээлсэн нь олны анхаарлыг татсан. Энэ асуудал ч өнөөдөр дуулиан дэгдээгээд байгаа юм.
Тэгвэл Н.Энхбаярыг “илчилсэн” эл захидлын асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “Г.Шийлэгдамба ийм захидал бичих хүн биш. Энэ бол хуурамч захиа. Би түүнээс нэг ч төгрөг аваагүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Харин Г.Шийлэгдамба “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо “Энэхүү ил захидлыг өөрөө бичсэн. Би Н.Энхбаяр даргад 50 мянган доллар өгсөн нь үнэн” хэмээж, үнэнээ өчисөн юм. Тэгвэл Г.Шийлэгдамба болоод Н.Энхбаяр нарын байр суурийг 24 VS 24 буландаа хүргэж байна.
Н.Энхбаяр: Би Г.Шийлэгдамбаас нэг ч төгрөг аваагүй
Г.Шийлэгдамба намын санхүүжилтийн хандивыг цуглуулах ажлыг хийдэг хүн л дээ. Гэхдээ би Г.Шийлэгдамбаас нэг ч төгрөг аваагүй.
Намын санхүүжилтийн асуудлаар далимдуулж Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэж байгаа бол энэ жүжиг ахиад газар авахгүй. Энэ жүжгийн гол дүрд би тоглохгүй.
Үүгээр далимдуулж Н.Энхбаяр болон МАХН руу дайрах гэж байгаа бол ёстой хуучирсан пянз л байна.
Г.Шийлэгдамба миний хайртай дүү. Урьд нь ч гэсэн Г.Шийлэгдамбыг дэмжиж Эрүүл мэндийн сайд болгосон.
Захианы хувьд манай Г.Шийлэгдамба шиг хүн арай тийм захиа бичих хүн биш. Хуурамч захиа байх гэж бодож байна. Зарим хэллэгийг нь харахад Г.Шийлэгдамбынх биш байна лээ. Эсвэл маш их сэтгэл санааны хүнд дарамтанд ороод бичсэн байж магадгүй гэж бодож байна.
Би Г.Шийлэгдамбын адилаар О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ ч юм уу дүү нартайгаа харьцахдаа нэг л зүйлийг хэлдэг. Бүгд том зорилгын төлөө л явъя.
Хоёрын хооронд жижиг албан тушаал, тав арван төгрөгийн тендерийн асуудал хэрэггүй. Улс төрийн намуудын санхүүжилтийг төсвөөс шийдэхгүй бол энэ мэт хуурамч захиа гүжирдлэг гүтгэлэг гарч ирээд байх болно.
Хамгийн ядуу нам бол МАХН. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л явж байдаг. |
Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр даргад 50 мянган ам.доллар өгсөн
Би өнгөрсөн оны 11 сарын 4-ний өдөр өөрийн дотны танил, хуурай ах Оросын Даваасүрэнгээс намын санхүүжилт болгох үүднээс дамжлэг хүсч авсан мөнгөнийхөө 50 мянган ам.долларыг Н.Энхбаяр даргад өөрийн биеэр МАХН-ын төв байран дахь өрөөнд нь очиж өгсөн. Тэр үед бид хоёулахнаа байсан. Харин 120 мянган долларыг нэмж өгөхөөр бэлдэж байгаад АТГ-т баривчлагдсан. Н.Энхбаяр даргатай өөд өөдөөсөө хараад суувал арай аваагүй гэж хэлэхгүй байх. Өмгөөлөгч нар энэ үнэнээ хэлэх боломжийг маань хязгаарлаж байсан. Тиймээс ч өнөөдрийг хүртэл хэлээгүй.
Тэр захиаг би үнэнийг тогтоохыг хүсч өөрийн гараар бичиж, гарын үсгээ зурсан. Ингэхээс ч өөр арга байгаагүй учир нь Шадар сайд Ц.Оюунбаатар намайг тухайн үед эргэж ирэхэд би намын нөхөр ирлээ гэж баярлаж байсан. Тэд ирэхдээ намайг өөрийн хүсэлтээр сайдын болон намын ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөх тухай албан бичиг бэлтгэж авч ирсэн байсан. Би саналыг нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэтэл үүний доор тухайн мөнгөний асуудлыг тайлбарлаж /өөрийн хувийн хэрэгцээнд зориулан зээлсэн мөнгө/ бичсэн байсныг анзааралгүй гарын үсгээ зурсан байсан. Ингээд энэ бүгдийгээ тайлбарлаж хэвлэлийн хурал хийж, олон нийтэд худал мэдээлсэн. Тиймээс л үнэнийг мэдээлэхийн тулд ил захидал бичсэн.
Н.Энхбаяр даргын намын санхүүжилтийг бүрдүүлэх тулган шаардалтаас үүдэж О.Даваасүрэнгээс мөнгөн тусламж авсан. Н.Энхбаяр дарга намын санхүүжилт бүрдүүлэхгүй бол генсек болон сайдын ажлаа өг гэдэг байсан.
|
24tsag.mn
Сэтгэгдэл (42)