Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн “Урт булаг” гэдэг газраас 2016.02.10-ны өдрийн 14:00 цагт иргэн Э /28 настай, эрэгтэй/ автомашинаа орхиод цахилгааны шугамаа засварлахаар явган яваад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг 2016.02.10-ны өдрийн 19:50 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 11 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 8 хүн 1 автомашин, нийт 19 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Сураггүй болсон иргэнийг 2016.02.11-ний өдрийн 11:50 цагт тус сумын “Хилэнцэгийн ам” гэдэг газраас эсэн мэнд олжээ.
Мөн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн “Лүн” гэдэг газар /аймгийн төвөөс 140 км-т/ иргэн Б, Л нар нь 19-59 ГАҮ улсын дугаартай “Стевер” загварын ачааны автомашинтай замын зорчих хэсгийн хажуу руу гулгаж орсон, шатахуун дууссан дуудлага 2016.02.11-ний 07:30 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах, 59 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.02.11-ний өдрийн 13:00 цагт автомашиныг, бараа материалын хамт татан гаргасан байна.