Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Соёолж” төвийн “Соёолж” кафед болжмор “ноёрхол”-оо тогтоожээ.
Нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг цэцгийн томоохон дэлгүүрүүдийн нэг “Соёолж” төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоо цөөнгүй. Түүнчлэн тус төвтэй нэлээд олон газар хаяа дэрлэн байрладаг тул хөл хөдөлгөөн ч багагүй байдаг.
Бизнесийн салбарынхан энэ байдлыг алдалгүй харж, тус төвд “Соёолж” кафег нээгээд багагүй хугацааг ардаа үлдээжээ. Гэтэл тус кафе нь “Иргэдэд үйлчлэх наад захын ариун цэврийн шаардлага хангахгүй орчин нөхцөлд үйл ажиллагаа явуулж, кафедаа хүн, болжмор хоёрыг хамт хооллуулж байна” гэх мэдээлэл манай сайтад ирэв.
“Хоолны газруудад хортон шавьж үүрлэж, тавагтай хоолноос гарч ирлээ” гэх таагүй мэдээлэл үе, үе дэлгэгдэж, олны жихүүдсийг төрүүлдэг. Тэгвэл өдгөө хүн, бор шувуу хоёр нэг дээвэр дор, нэг тавагнаас хооллож байна.
Эл нөхцлийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах” Соёолж” төвийн “Соёолж” кафе бүрдүүлжээ. Цэцгийн дэлгүүрээс вакум ханаар тусгаарлан үйл ажиллагаагаа явуулдаг тус кафед болжморууд хаа сайгүй нисч, үйлчлүүлэгчдийн тавагтай хоолноос идэх нь жирийн үзэгдэл мэт болсон байна.
Түүнчлэн сандал, ширээ, лангуу, аяга таваг гээд болжморууд суухгүй газар гэж үгүй. Тэд хүнээс ч айж, үргэхээ больж, хэдийнэ ижилсжээ.
Угтаа энэ нь ариун цэврийн нөхцөл, нийтийн хоолны газарт тавигдах наад захын шаардлагад нийцэхгүй л байлтай. Гэвч “Соёолж” кафеныхан үүнийг үл тоомсорлож, иргэдийг дорд үзэж, доромжилж байгаад иргэд бухимдалтай хандаж байна.
Энэ талаарх мэдээллийг бидэнд өгсөн иргэний өгүүлж буйгаар “Тус кафед хоол идэхээр орсон хэсэгхэн хугацаанд 10 гаруй болжмор нисч иргэдийн үлдээсэн хоолноос идэж, аяга таваг, лангуу, тавиур дээр сууж байсан. Үүнийг нь харсан тус газрын ажилчин үргээж, хөөхгүй, байх ёстой зүйл шиг л хандаж байсан нь үнэхээр хачирхалтай санагдсан. Уг нь энэ газар иргэдэд үйлчилдэг, нийтийн хоолны газар шүү дээ. Гэтэл ийнхүү нян бактери тээгч шувууг үүрлүүлж, хооллож байгаа нь зохимжгүй асуудал юм” хэмээсэн.
Үнэндээ ч нийтийн хоолны газарт болжмор хүн хоёрыг хамт хооллож, иргэдэд үйлчилж байгаа нь хэрхэвч байж болохгүй асуудал гэдэг нь ойлгомжтой. Шувуу нь нэг төрлийн нян тээгч мөн. Гэтэл тус газрынхан шувуу суусан аяга тавагаа хэрхэн ариутгаж, халдваргүйжүүлдэг вэ гээд асуудал олон ургах нь дамжиггүй.
“Соёолж”-ийнхон байгаль эхтэй ойр, эко бизнес эрхэлдэг ч аливаа зүйлс савнаасаа хэтрэхээр халидаг гэдгийг төдийлөн мэдрэхгүй байна уу эсвэл байгаль хүн хоёрыг адил хэмээн ойлгож үйл ажиллагаагаа явуулж байна уу гэдэг нь өөрийн эрхгүй анхаарал татах асуудал болоод байгаа юм. Түүнчлэн Соёолж кафены орчин төдийлөн сайнгүй аж. Гялгар цаасан дээвэр, давирхайтай модон хаана гээд ариун цэврийн хувьд таагүй нөхцөл ч тэнд зонхилжээ. Хамгийн хачирхалтай нь тухайн кафед болжморууд яаж орж, гардаг, ямар учраас тэднийг хөөж, үргээдэггүйд анхаарал оршиж байгаа юм.
Нийтийн хоолны газарт болжмор орох нь бүү хэл хорхой, шавьж, ялаа, шумуул орохоос сэргийлсэн торон хаалттай, салгаж авч цэвэрлэхэд хялбар байдлаар хийгдсэн, цэвэрхэн байх ёстой гэсэн шаардлагыг мэргэжлийн байгууллагаас тавьдаг байна. Гэтэл тус төвд ялаа бүү хэл болжмор “ноёрхолоо” тогтоож байгаад холбогдох албаныхан анхаарал хандуулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд зохистой хооллох нөхцлийг бүрдүүлэн ажиллах байх гэдэг үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэлээ. Бид энэ талаар эргэн сурвалжлах болно.
24tsag.mn
Сэтгэгдэл (44)