УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах хуудас ирүүлсэн талаар бид мэдээлсэн. Түүнийг чухам ямар шалтгаанаар зарлан дуудах болсон нь олны анхаарлыг ихээр татаж байсан билээ. Тэгвэл ЦЕГ болон УЕПГ-аас Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас илгээсэн шалтгааныг тайлбарлав. Гэтэл тухайн байгууллагууд зөрүүтэй мэдээлэл хийж, ард түмнийг ангайлгалаа. Хууль хүчний байгууллагуудын хийсэн мэдээллийг “24 VS 24” буландаа онцолж байна.
УЕПГ: Н.Алтанхуягийн хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан байцаалт авахаар дуудаагүй
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг энэ сарын 04-ний өдөр хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс байцаалт авахаар зарлан дуудах хуудас ирүүлсэн талаарх мэдээлэл гарсан.
Тэгвэл Улсын ерөнхий прокурорын газраас дээрх мэдээллүүдийг үгүйсгэж, ташаа болохыг мэдэгдсэн юм.
Энэ талаар УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал “АТГ, УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа эрүүгийн хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас байцаалт авахаар зарлан дуудах хуудас өгсөн. Түүнээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг 2016 оны 04 сарын 04-ний өдөр хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан байцаалт авахаар дуудаагүй” гэдгийг мэдэгдэв. |
ЦЕГ: Н.Алтанхуягийн хийсэн мэдээлэлд нь дурдагдсан гэмт хэргийн шинжтэй асуудлыг тодруулахаар дуудсан
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн цахим хуудсандаа “Мэдэгдэл хийсэн гэж цагдаагийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах ирлээ. Байцаалт өгнө” хэмээн бичсэн. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас дараах мэдээллийг өгсөн юм.
“Улсын Ерөнхий Прокурорын газраас 2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Мөрдөн байцаах газарт “Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг нь 2016 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордонд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хийсэн мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй асуудлууд тусгагдсан байх тул зохих журмын дагуу шалгаж шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн албан бичиг ирүүлсний дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягийг ямар нэгэн гэмт хэрэгт холбогдуулан шалгах бус, Төрийн ордонд хийсэн мэдээлэлтэй нь холбогдуулан уг мэдээлэлд дурдагдсан гэмт хэргийн шинжтэй асуудлыг тодруулж тайлбар авах зорилгоор зарлан дуудах хуудас хүргүүлсэн болно” гэсэн юм. |
Сэтгэгдэл (6)