Ардын хувьсгалын өлгий, амуу тарианы бүс Сэлэнгэ аймаг улс төрийн газрын зураг дээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог хэмээн тэмдэглэгдсэн бий. Энэ тойргийн сонгогчид улааныг үзэж урвадаггүй, цэнхэрээс нь цэрвэдэггүй гэдэг нь өнгөрсөн зургаан удаагийн парламентын сонгуулийн дүнгээс харагддаг. 1992, 2000 оны УИХ-ын сонгуулиар МАХН буюу өнөөгийн МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь сонгож байсан бол бусад сонгуулиар МАН, АН-ынхныг эн тэнцүү, ээлж дараатай сонгож иржээ. Тиймээс хоёр том намын хувьд Сэлэнгийн тойргийг сэм сэмхэн эргэж, сонгогчдын санаа бодол хаашаа хазайж байгааг тандсаар ирлээ. Энэ тандалтдаа тулгуурлан сар хүрэхгүйн дараа хэн хэнийг сэлэнгэчүүдийн сонголтод нийцүүлэн илгээхээ хэдийнэ тооцоод байгаа биз ээ. Нэр дэвшигчид хараахан тодроогүй, өөрөөр хэлбэл намуудын сонгуулийн гол хөзөр задраагүй байгаа тул одоогоор Сэлэнгэд хэн хэн нэр дэвших вэ гэдэг нь таамаглал төдий байна. Сонгуулийн хуулийн өөрчлөлт ч бас хүлээлт үүсгээд байна. Гэхдээ нэр дэвшигчдийн талаархи нэлээд үндэслэлтэй таамгуудыг олон нийт дэвшүүлээд буй. Олон жилийн туршлага, одоо байгаа нөхцөл байдал зэргээс харахад олны ам ортой л болж таарах байх. Тиймээс магадлал өндөр таамгийг сонирхуулъя.
Эдүгээ АН-ын С.Баярцогт, МАН-ын Ж.Эрдэнэбат нар сэлэнгэчүүдийг төлөөлөн УИХ-д сууж байгаа. Энэ хоёр эрхэм хэн хэн нь Сэлэнгэдээ нэр сайтай, хийсэн бүтээснээрээ танигдсан гишүүд. Нэг нь 23-хан настайдаа УБХ-ын гишүүнээр сонгогдон ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж, тэр цагаас хойш улс төрд тасралтгүй зүтгэж яваа туршлагатай парламентч, нөгөө нь аймгийнхаа Засаг даргаар ажиллахдаа юу хийж чаддагаа харуулж, удирдах чадвар, мэдлэг, туршлагаараа олон нийтээс онц үнэлгээ авсан ийм хоёр залуу түшээ. Тиймээс АН, МАН аль аль нь энэ хоёр гишүүдтэйгээ ямар хүнийг хөтлөлцүүлэн Сэлэнгэ рүү илгээх вэ гэдэг дээр л толгой гашилгаж байгаа аж.
С.Баярцогт гишүүний хамт эдүгээгийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатыг Сэлэнгийн 13 дугаар тойрогт нэр дэвшүүлэх хувилбар АН-ынханд бэлэн бий гэх. Энэ бол тун өндөр магадлалтай таамаг. Д.Эрдэнэбат сайд ч Сэлэнгийн тойрогт нэр дэвших сонирхол их байгаа гэдэг. Тэрээр Сэлэнгийн алдарт Ноён уулын өвөрт төрж өссөн бөгөөд тиймээс өөрийн үүсгэн байгуулсан компаниа “Ноён” хэмээн нэрийдсэн гэдгээ нэг бус удаа хэлсэн байдаг. Д.Эрдэнэбат сайд Сэлэнгэд нэр дэвшиж гэмээнэ нутгийнхаа тахилгат хайрханы нэрийг сэвтүүлэхгүй гэсэндээ байгуулсан компанидаа нэрийг нь өгсөн гээд л ярих байх.
Чингисийн алтан ургийн сүүлчийн ноён Хараагийн баатар вангийн зээ Н.Оюундарь, Нинждолби ноён Номун хааны отгийн даргын ач хүү С.Баярцогт, Хүннүгийн түүхтэй Ноён уулын өвөрт төрсөн Д.Эрдэнэбат, аймгийн арслан Жаргалтулгын хүү Ж.Эрдэнэбат гээд л. Нэг ёсондоо Сэлэнгийн тойрогт ноёд, тайж нарын л “зодоон” болох дог.
Харин МАН-ынхан Ж.Эрдэнэбат гишүүний гараас эмэгтэй хүн хөтлүүлэх нь тодорхой болоод буй. Тэр нь Гадаад харилцааны дэд сайд байсан Н.Оюундарь. Тэрээр Хараагийн баатар ван хэмээн алдаршсан нэрт эрдэмтэн, зохиолч, орчуулагч, дипломатч С.Наваан-Юндэнгийн зээ охин нь. Өвөөгөөрөө овоглож яваа энэ бүсгүй Сэлэнгийнхэнд хэдийнэ танил болжээ. Богино боловч хугацаанд дэд сайдаар ажилласан, МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагад ажилладаг гээд Н.Оюундарь сүүлийн жилүүдэд өөрийгөө улс төрд чамгүй бэлдсэн.
Дээр дурдсан дөрвөн нэр дэвшигч хоёр намаас нэр дэвших магадлал хамгийн өндөр. Гэхдээ Үндсэн хуулийн цэц намуудын жагсаалтаар УИХ-д сонгогдох пропорциональ зарчмыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргачихаад байгаа өнөөгийн нөхцөлд уг дүгнэлтийг УИХ хүлээж авах юм бол Сэлэнгийн тойрогт дахин нэг мандат нэмэгдэнэ. Өмнө нь тус тойргоос гурван гишүүн сонгогддог байсан билээ. Нэг мандат нэмэгдэх юм бол Сэлэнгэд хүч үзэхээр очиж мэдэх горилогчид бас бий. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, УИХ-ын гишүүн асан Р.Содхүүгийн охин С.Гэрэлмаа нарын хэн хэн нь МАН-аас нэр дэвших сонирхол бол бий. Харин АН-аас Тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн, “Шим” группийн ерөнхийлөгч Л.Цандэлэг Сэлэнгэд нэр дэвших магадлалтай.
Юутай ч Сэлэнгийн тойрогт ширүүхэн өрсөлдөөн болох нь тодорхой. АН, МАН-аас тус тойрогт нэр дэвших магадлал хамгийн өндөр хүмүүсийг харах юм бол ихэнх нь удам угсаа, өвөг дээдсээрээ бахархаж, түүгээрээ сонгуулийн Пи Ар-аа хийх болов уу. Чингисийн алтан ургийн сүүлчийн ноён Хараагийн баатар вангийн зээ Н.Оюундарь, Нинждолби ноён Номун хааны отгийн даргын ач хүү С.Баярцогт, Хүннүгийн түүхтэй Ноён уулын өвөрт төрсөн Д.Эрдэнэбат, аймгийн арслан Жаргалтулгын хүү Ж.Эрдэнэбат гээд л. Нэг ёсондоо Сэлэнгийн тойрогт ноёд, тайж нарын л “зодоон” болох дог.
Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд:
2012 он: С.Баярцогт (АН) Ж.Эрдэнэбат (МАН)
2008 он: О.Чулуунбат (МАХН) Э.Бат-Үүл (АН) С.Баярцогт (АН)
2004 он: Р.Нямсүрэн (МАХН) Э.Бат-Үүл (АН)
2000 он: П.Нямдаваа (МАХН) Ш.Гунгаадорж (МАХН) Р.Содхүү (МАХН)
1996 он: Д.Цогт-Очир “Ардчилсан холбоо” эвсэл С.Баярцогт (АН) Р.Содхүү (МАХН)
1992 он: Д.Мөнхөө (МАХН) Б.Дэмбэрэл (МАХН) Ч.Зоригтбаатар (МАХН)
Г.САНЧИР
Сэтгэгдэл (16)