Сүүлийн өдрүүдэд эмч нар нэлээд бухимдалтай байгаа бөгөөд өдөр болгон жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэд өнгөрсөн мягмар гарагт ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг эсэргүүцэж орон даяар жагссан бол өчигдөр эмнэлгийн царцаагдсан барилгууд болон эмнэлгийн барилга барих нэрийдлээр олон тэрбум босгочоод ажлаа эхлэхгүй байгааг эсэргүүцэн жагссан юм.
Гэтэл эмч нарын дургүйцлийг төрүүлж, жагсаал зохион байгуулах шалтгаан болсон хуулийн заалтыг энэхүү хуулийг өргөн барьсан гишүүнд ''Эмч нарын эсэргүүцэж буй Эрүүгийн тухай хуулийн 15.1 дэх зүйл заасан “санаатай” гэсэн нэг ч үг, үсэг байхгүй. Хоёр хуулийг хольж солиод байна” хэмээн тайлбарласан. Харин эмч нар “Хууль санаачлагчид биднийг хуулиа ялгаж, салгах чадваргүй гэж доромжиллоо” хэмээн хилэгнэж буй.
Тэгвэл өчигдөр эмч нарын тавьж буй хүсэлтийг Монгол улсын Ерөнхийлөгч хүлээн авч Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах саналаа өгвөл өөрөө өргөн барина гэдгээ илэрхийлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад “Эмч нарын саналыг тусган ЭБШХ-д өөрлөлт оруулах саналаа өгвөл би өргөн барина” гэснийг олон нийтэд мэдээлсэн юм. Ямартай ч эмч нар болоод хууль санаачлагчдын байр суурийг “24VS24” буландаа онцолж байна.
Б.Мягмар: Эрүүгийн хүнд элементүүдтэй ижилхэн ял авна гэдэг байж боломгүй
Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар "Бид хариуцлагаас зугтаах гэсэндээ ийм жагсаал зохион байтуулаагүй. Алдаа гаргасан бол хариуцлага хүлээх нь ойлгомжтой. Гэхдээ санамсаргүй байдлаар алдаа гаргахдаа эрүүгийн хүнд элементүүдтэй ижилхэн ял авна гэдэг байж боломгүй. Энэ хуулийн заалт бидэнд айдас төрүүлж байна. Хууль санаачлагчид болон УИХ баталсан хуулиа дахин харахыг хүсье" гэсэн бол
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн эрхлэгч Т.Ариунаа "Манай эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн үнэлэмж үнэхээр бага байна. Эмч болохын тупд 10-аад жил сурч байна. Нарийн мэргэжлийн эмч хүн 15 жил сурдаг. Эмч хүн санаатай алдаа гаргана гэж байхгүй. Ялангуяа гэнэтийн осол гэмтлээр хүргэгдэж ирдэг өвчтөн бидний хамааралгүйгээр нас барж болно. Эмч тэр хүнийг аврах гэж эмчилдэг учраас иргэд, эмч нарын хооронд үл ойлголцол үүсгэхээр хууль гаргалаа. Ойр дотны хүнээ алдсан иргэд биднээс шууд мөнгө нэхнэ. Бид өөрсдийгөө өмөөрч байгаа юм биш. Хариуцлага алдсан эмчийг шийтгэх хууль байгаа. Гэтэл хөдөлмөрийн хөлс, ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулж гаргаагүй байж өнөөдөр хорино, яллана, шийтгэнэ гэж ярих нь буруу" гэв. |
Х.Тэмүүжин: Эмч нар хуулиа сайн судлаагүйгээс ойлголтын зөрүү гараад байна
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлээгүй бол” гэсэнтэй холбоотойгоор хуулийн төсөл нарийвчлагдаж орсон. Энд ойлголтын зөрүү, төөрөгдөл байна. 2002 оны эрүүгийн хуульд “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эмчлэх үүргээ биелүүлээгүй бол гэмт хэрэг гэж үздэг” гэсэн заалт бий. Эрүүл мэндийн салбарынхан одоо батлагдаж байгаа хуульд бидэнд ямар үүрэг хүлээлгэж байна вэ гэдэгт л санаа зовох ёстой юм. Эрүүгийн хууль эрүүл мэндийн салбарыг зохицуулдаггүй. Энэ хуулиар бусдын амь бие, эрүүл мэндийг хамгаалдаг.
Эрүүгийн хуулийн ялын бодлого нь эрүүл мэндийн салбарын бодлого биш. Энэ бол санаатай, болгоомжгүй, эсвэл үйлдэлдээ санаатай боловч үр дагавартаа болгоомжгүй холимог гэмт хэрэгт ялын ямар бодлого байх вэ гэдгийг тодорхойлдог хууль юм. Эмч нартай холбох юм бол хуулийг хүлээсэн эрх үүргээ биелүүлээгүй үед л хэрэгжидэг. Эмч хүн үүргээ биелүүлэхгүй байна гэдэг нь өөрөө санаатай гэмт хэрэг. Тиймээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд одоо хуулиа мэдэж, үүргээ ухамсарлах ёстой. Хуулиа сайн судлаагүйгээс ойлголтын зөрүү гараад байна. |
24tsag.mn
Сэтгэгдэл (26)