АСЕМ-ын дээд түвшний уулзалт, түүний дагалдах хурлуудын харуул хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар ЦЕГ болон ЗЦГ-аас мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд ЦЕГ-ын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Лхагвадорж “АСЕМ-ын дээд түвшний уулзалд долдугаар сард болно. Энэ үеэр замын хөдөлгөөн болон харуул хамгаалалтыг хэрхэн авах талаар ажлын хэсэг ажиллаж байна.
Тус уулзалтын үеэр ирэх зочид, төлөөлөгчид нь А зэрэглэлд хамаарагдах буюу төрийн тусгай хамгаалалтад байх ёстой. Тиймээс ЦЕГ, ЗЦГ болон Төрийн тусгай хамгаалалтын хамт олонтой хамтарч ажиллах болно.
Одоогийн байдлаар хамгаалалтын бүсэд Шангри-Ла зочид буудал, Төрийн ордон, Чингис Хаан Олон Улсын нисэх буудал багтаж байна.
Бид удахгүй замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах, аль бүсээр хамгаалалтын ажлыг өрнүүлэх талаар мэдээлэх болно” гэлээ.
Харин ЗЦГ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэлэхдээ “Бид АСЕМ-ын уулзалтын үеэр хамгаалалт хийх бүсжилтээс бусад бүсжилт дээр ЗЦГ, ЦЕГ-аас ажилтнуудыг ажилуулах, нэн яаралтай дуудлагад бэлэн байх ажлыг хийхээр төлөвлөж байна. НЗДТГ-аас замын хөдөлгөөнийг хаах, дугаарын хязгаарлалттай холбоотойгоор тогтоол гардаг. Гэхдээ одоогийн байдлаар долдугаар сарын 14-нөөс 16-ны хооронд тодорхой хугацаанд замын хөдөлгөөнийг хаах, дугаарын хязгаарлалт хийх болно. Ер нь иргэд АСЕМ-ын үеэр аль болох автомашинтай хөдөлгөөнд оролцохгүй, явган болон унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
АСЕМ гээд Улаанбаатар хотын бүх замын хөдөлгөөнийг ХААХГҮЙ гэдгийг ойлгоорой” гэв.
Сэтгэгдэл (11)