Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Нэгдүгээр” багийн нутаг “Улаан хад” гэх газарт тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Буянжаргал албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тодруулбал талийгаач гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар айлд очиход хүчирхийлэл үйлдэгч гэрийн эзэн 29 настай Б гэгч этгээд түүнийг буудаж хөнөөсөн байдаг.
Цагдаагийн Ерөнхий газрын даргын зөвлөл, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нар мөрдөс нэгт нөхрөө сүүлчийн замд нь үдэх ёслолын үйл ажиллагаа өнгөрсөн баасан гаригт болжээ. Арвайхээрийн дунд сургуулиас цагдаагийн алба хаагч болно гэсэн мөрөөдөлтэй төгссөн жаалхүү эрийн цээнд хүрч, Хууль сахиулахын Их сургуулийн ахлагчийн сургуульд амжилттай суралцаж төгсөөд, нутагтаа томилолт өвөртлөн ирж, Өлзийт сумын цагдаа, Монголбанкны цагдаагаар ажиллаж байгаад ийнхүү Есөнзүйл суманд ажиллах болжээ.
Тангараг өргөхдөө зурсан гарын үсэгнийх нь бэх хатаагүй шахам цөөхөн он жилүүдийг ардаа үдэж байгаад ийнхүү гэмт этгээдийн гарт халуун амиа алдаж, залуу насаа үдсэн хайран хүүгийн төлөө харамсаад баршгүй.
Гэргийн гараас цай амсаж,гэрэлт орчлонд амьдарсны утга төгөлдөр хөөрхөн хүүгээ гар дээр өргөн эрхлүүлж амжилгүй, төрүүлж өсгөсөн ээж аавынхаа төөрөг тавиланд гуниг хуруулан буруу гартны ирт мэсэнд амиа алдсан хүүгээ үеийн үед бид дурсах болно. Ум сайн амгалан болтугай.
Сэтгэгдэл (7)