Монголын үйлдвэрчний эвлэлээс “Эвлэлдэн нэгдэх-хөдөлмөрлөх эрхээ эдлэе” уриатай жагсаалыг Чингисийн талбайд өнөөдөр зохион байгууллаа.
Жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөр олон улсын үйлдвэрчний эвлэлүүд хөдөлмөр эрхлэх хүрээнд тулгамдсан асуудлыг Засгийн газар, ажил олгогч нарт хүргэж, эв санааны нэгдлээ илэрхийлдэг.
Энэ дагуу манай улсын үйлдвэрчний эвлэлийн холбоод Олон Улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрөөр цалин нэмэгдүүлэх тухай УИХ-ын 108 дугаар тогтоолын хэрэгжилтийг Засгийн газраас шаардлаа. Түүнчлэн хөдөлмөрлөх эрх, ажлын байрны баталгааг хангуулах, зохистой хөдөлмөр эрхлэлтийг төлөвшүүлэх хүрээнд тулгарч буй олон асуудлаар иргэд хөдөлмөрчдийн дуу хоолойг төр, засагт хүргэхийн тулд төв талбайд ийнхүү жагссан байна.