МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Дархан-Уул, Өмнөговь, Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороод хууль зөрчиж байгааг тэрбээр сануулав. Энэ талаар тэрбээр “Сонгуулийн хуулийн дагуу аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг нэр дэвшигчээр бүртгэн шийдвэр гаргах ёстой. Гэтэл зарим аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийг санаатайгаар буруу хэрэглэж, асуудлыг улстөржүүлж, төрийн сонгуулийг зохион байгуулах, төрийн ажлыг мушгин гуйвуулж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасаар байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшихээр бүртгүүлсэн зургаан нэр дэвшигчийг бүртгэсэн хэрнээ ажлын тайлан хэвлэсэн сэтгүүл тараасан гэсэн шалтгаанаар нэрийг нь буцаан татсан байна. Мөн Увс аймгийн ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн долоон нэр дэвшигчийг, Увс аймгийн ИТХ-д нэр дэвшсэн гурван нэр дэвшигчийг, Говь-Алтай аймгийн ИТХ-д нэр дэвшсэн мөн гурван нэр дэвшигчийг холбогдох орон нутгийн сонгуулийн хороо “бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн” гэдэг шалтгаанаар нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хууль бусаар хассан. Иймээс МАН-ын зүгээс СЕХ-нд энэ асуудлаар шаардлагаж хүргүүлж, улмаар сонгуулийн байгууллага зохион байгуулалттайгаар нэг намын нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хууль бусаар хасч байгаа талаар асуулга тавина” гэлээ.
Тодруулбал доорх аймгуудад МАН-аас нэр дэвшигчдийн нэрсийг хассан байна.
-Говь-Алтай аймгийн орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр бичиг баримтаа бүрдүүлж өгсөн В.Рэнцэндорж, В.Сүррагчаа, Ш.Эрдэнэбат.
-Увс аймгийн орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр бичиг баримтаа бүрдүүлж өгсөн Б.Гомбо, Б.Хилэнбаатар, Ю.Сайнжаргал, н.Амараа.
- Дархан-Уул аймгийн Ч.Чүлтэмбат, З.Бадрал, Б.Азжаргал, Т.Тулга, С.Насанбат, Д.Амарсанаа гэсэн зургаан нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)