Сонгинохайрхан дүүргийн АН-ын хороо хуралдаж 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодрууллаа. Тодруулбал, тус намын хороо УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгч Т.Болдбаатар, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Ө.Пүрэвбаатар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай, Кёкүшюзан Д.Батбаяр нарын нэрийг дэмжиж Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд хэлэлцүүлэхээр болжээ. Эдгээр гишүүдээс Д.Батбаярын нэр хасагдах магадлал өндөр байгаа юм. Учир нь түүнийг оффшорт данстай гэх мэдээлэл баримттайгаа цацагдсан. АН-ын дарга З.Энхболд оффшортой нэр холбогдсон бүх гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн билээ. Харин Т.Болдбаатар нь УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр Нийслэлийн иргэдийн хурлын сонгуулийн нэр дэвшилтээс нэрээ татжээ. Нийслэлийн иргэдийн хуралд ажиллах хугацаандаа тэрээр СХД-ийн 12-17 болон 30, 31 хороо болох Өнөр бүст 13 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг өрнүүлсэн учраас дүүргийнхэн нь ам сайтай байдаг аж. Тэрбээр төлөөлөгчөөс дэд сайд болтлоо дэвшин ажиллажээ. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн хувьд Эрдэнэтэд горилж байсан ч Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөхөөр болсон байна. АН дотроо нэр муутай, фракцаас фракц хэсч явдаг гэж хүмүүс түүнийг шүүмжилдэг. Харин Б.Ургамалцэцэгийн хувьд АН-ын нэр цэвэр, нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг. Ирээдүйтэй улс төрч гэгддэг.
О.Магнайгийн хувьд Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын даргаар ажиллаж байхдаа ажлаараа шоу хийж нэрд гарсан ч хүмүүс түүнийг сайн ажилласан гэж дүгнэдэг. Тэрбээр өнгөрсөн өвөл Сонгинохайрхан дүүрэгт нүүрс тарааж тус дүүргийнхний "хайрыг" татсан байж мэднэ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (27)