Өмнөд Солонгосын эрдэмтдийн зохион бүтээсэн лазер технологийн ачаар та аюулгүй хүнс хэрэглэх нь ээ. Бактери илрүүлэгч лазер нь гэрлэн туяагаар хоол хүнсний аюулгүй байдлыг шалгадаг байна.
Хүнсний бүтээгдэхүүн дээр лазер гэрэл тусгахад нян байгаа хэсэгт цэгэн толбо үүснэ. Ингээд камераар нянгуудын хөдөлгөөнийг бичиж авч, хэдхэн секундийн дотор дохио өгөх юм.
Энэ нээлт нэг жилийн дотор хүмүүсийн хэрэглээнд бүрэн нэвтэрнэ гэж судлаачид амлаж байна. Лазер технологиор хөргөгчид удаан хугацаанд хадгалсан хүнснийхээ аюулгүй байдлыг шалгах боломжтой. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар лазер нь хоол хүнсэнд ихээр агуулагдаж, хүний биед өвчин үүсгэдэг сальмонеллез, гэдэсний савханцар, кампило бактери зэргийг илрүүлэх юм.
Их Британид худалдаалж буй тахиан махны дөрөвний гурав нь кампило бактеритай байдаг бөгөөд үүнээс болж жил бүр 280 мянган хүн хоолны хордлогод орж, 100 нь нас бардаг болохыг судалгаагаар тогтоожээ. Тус улсын Засгийн газар жилд 1,5 тэрбум долларыг эрүүл мэндийн салбарт зарцуулж байна.