МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Су.Батболд энэ үеэр "Архангай Завхан, Баян-өлгий болон Увс аймагт саналын хуудас дутсан асуудал үүссэн байна. Үүнээс болж сонгогчид саналаа өгөхийн тулд удаан хугацаанд хүлээсэн байна. Энэ нь сонгогчийн саналаа өгөх эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл. Сонгуулийн Ерөнхий хороо саналын хуудсыг нөөцгүй хэвлэснээс болж ийм ноцтой алдаа гарлаа. Энэ нь Сонгуулийн хуулийн 84.14 дүгээр заалтыг зөрчсөн. Үүний эцсийн хариуцлагыг Сонгуулийн ерөнхий хороо хүлээх ёстой гэж МАН-ын сонгуулийн төв штаб үзэж байна. Дутсан саналын хуудсыг канондож хувилаад дутсан газруудад өгсөн гэх гомдол ирсэн. Дутсан тохиолдолд явуулын хайрцагаар санад авахаар болсон гэсэн энэ нь иргэдийн эрхийг ноцтой зөрчиж байна. Манай сонгуулийн төв штаб дээр сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байгаа талаар гомдлууд их ирж байгаа. Тухайлбал, Говь-Алтай аймагт АН-аас нэр дэвшигч О.Амгаланбаатарын штабаас иргэдэд мөнгө тарааж байгаад баригдсан байна. Энэ үйлдлийг цагдаагийн байгууллагад шалгаад шүүхэд шилжүүлсэн байна. Мөн өнөөдөр нэр дэвшигч О.Амгаланбаатарын төлөө санал өгөөчээ гээд 10 мянган төгрөг тараасан байна. Мөн Баянхонгорт нэр дэвшигч Д.Ганбат сонгогчдод мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Уг зөрчлийг шүүхийн байгууллагад шилжүүлсэн. Энэ мэтчилэн маш олон хууль зөрчсөн асуудлууд байна. Өчигдөр сонгуулийн сурталчилгаа дууссан байхад нэр дэвшигч З.Баянсэлэнгэ болон Ц.Цолмон нар бие даасан нэвтрүүлэгт орсон. Энэ сонгуулийн тухай хуулийн 70.12-т заасныг зөрчсөн. Нэр дэвшигч нь бие даасан нэвтрүүлэгт орж мэдээлэл өгч болохгүй. Мөн нэр дэвшигч Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар нар гүтгэсэн гэдэг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан" гэлээ.
Т.Хулан