Сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламент үнэхээр сонин, содон гишүүдтэй ажиллах нь тодорхой боллоо. Энэ удаагийн парламентад үндэсний бөхийн гурван аварга, хоёр болор цомын эзэн, хоёр дуучин сонгогдлоо. Мөн эгч, дүүсийн нэг нь эрх барьж нөгөөх нь сөрөг хүчин болж ажиллах нь. Энэ удаагийн УИХ-д нийт 39 гишүүн шинээр сонгогджээ. Ингээд шинэ парламентын сонин, содон гишүүдийг онцолъё.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгийн 16-р тойрогт АН-аас харин түүний эгч Б.Саранчимэг МАН-аас Баянзүрх дүүргийн 51-р хороонд нэр дэвшин ялалт байгууллаа. “Мон Уран” гэх тодотголоор нь олон хүн мэдэх Б.Наранхүү 2012 оны УИХ-ын сонгуулиар гишүүн болсон. Харин түүний эгч Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан гэдгээр нь олон түмэн сайн мэднэ. Б.Наранхүүгийн хувьд тойрогтоо МАН-ын Б.Амарсанаа, МАХН-ын О.Ганбат зэрэг зургаан гишүүнтэй өрсөлдсөн бөгөөд 6559 хүний санал авснаар ялалт байгууллаа. Харин түүний эгч Б.Саранчимэг Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, АН-ын Р.Булгамаа, Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалайн нарын арван нэр дэвшигчтэй өрсөлдөв. Тэрээр тойргийн сонгогчдоосоо 8660 санал авч, УИХ-д сонгогдож байна.
Энэ удаагийн парламентад Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, А.Сүхбат нарын гурван аварга ажиллах нь. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар улиран сонгогдож А.Сүхбат анх удаа парламентад ажиллах гэж байна. Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд нутгаасаа 2004 оноос хойш дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байна. Тэрбээр энэ удаагийн сонгуульд 6623 хүний санал авчээ. Д.Сумъяабазар аваргын хувьд Сонгинохайран дүүргээс хоёр дахиа сонгогдож 9577 сонгогчийн итгэлийг хүлээжээ. Дархан аварга А.Сүхбат нутагтаа хүч үзэж 7896 сонгогчийн саналаар ялалт байгуулан УИХ-д суухаар боллоо.
Энэ удаагийн сонгуульд МУГЖ С.Жавхлан Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж үнэмлэхүй ялалт байгууллаа. Тэрбээр УИХ-ын сонгуульд гурвантаа өвдөг шороодсон ч энэ удаа дахин нэр дэвшиж ялав. Тэрбээр 2016-2020 оны парламентад ажиллах цор ганц бие даагч юм. Харин хоёрдахь дуучин нь Тимон буюу Н.Учрал. Тэрбээр МАН-аас СХД-т нэр дэвшиж ялалт байгуулснаар парламентын гишүүн болох нь. Анх хип, хоп дуу дуулж олны танил болсон энэ залуу сүүлийн үед боловсролын салбарт ажилласан. Харин боловсролын салбартаа нэг их удалгүй улс төр рүү орж ирсэн нь энэ.
Сайн бус саар нэртэй Г.Мөнхцэцэг гэх эмэгтэй энэ удаагийн сонгуульд Дорноговь, Говь-Сүмбэр аймагт МАН-аас нэр дэвшин ялалт байгууллаа. Сүүлийн жилүүдэд Монголын зохиолчдын эвлэлийг толгойлж ирсэн түүнийг улс төрийн туршлагагүй гэж ярьдаг ч УИХ-ын гишүүнээр хэр сайн ажиллахыг нь харах үлдэж байна. “Болор цом”-ын хоёр дахь эзэн бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат. Яруу төгөлдөр шүлгүүдтэй тэрбээр “Болор цом”-д түрүүлсэн шигээ сонгуульд ялалт байгууллаа. Түүний хувьд Архангайн унаган хүүхэд бөгөөд төрсөн нутагтаа нэр дэвшин ялав.
Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн 35-р тойрогт Ховд аймгаас АН-аас Д.Батцогт, МАН-ын С.Бямбацогт нар өрсөлдсөн. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Д.Батцогт нар базууд. Д.Батцогт эгчтэй нь, С.Бямбацогт дүүтэй нь суусан. Тэгвэл базуудын "тулаан"-д С.Бямбацогт яллаа. С.Бямбацогт гишүүний хувьд улстөрд өөрийгөө нэгэнт таниулсан хүн. 2008, 2012, 2016 гээд сүүлийн гурван жилийн сонгуульд ийнхүү улиран сонгогдож байна. Харин Д.Батцогт Монголын Амлалт нэхэх ард түмний холбоо иргэдийн дуу хоолой болж явсан бөгөөд инженер, эдийн засагч, банк санхүүч мэргэжилтэй. 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа тэрээр энэ удаагийн сонгуульд Ардчилсан намыг төлөөлөн оролцов.
Үе, үеийн парламентад ижил нэртэй олон гишүүд ажиллаж ирсэн. Өнөөгийн төрийн эрхийг залж буй хоёр намын даргын нэр гэхэд л ЭНХБОЛД. Харин энэ удаагийн парламентад ч мөн олон амьдаанууд ажиллах нь. Тухайлбал, Энхболд нэртэй 3, Бат-Эрдэнэ нэртэй 2, Энх-Амгалан нэртэй 2, Жавхлан нэртэй 2 хүн тус, тус ажиллах нь. Тэдний ихэнх нь нэг намын нөхөд.
Түүнчлэн энэ удаагийн сонгуульд 496 хүн нэр дэвшсэнээс 107 нь компанийн захирал байсан. Бие даан нэр дэвшигчдээс хамгийн олон буюу 21 захирал байгаа бол МАХН 20, МАН 14, АН долоон захирлыг нэр дэвшүүлсэн юм. Харин Н.Номтойбаяр, Х.Болорчулуун, Б.Дэлгэрсайхан, Б.Наранхүү, Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан гэх мэт үндэсний хэмжээний томоохон компаниудын эзэд ялалт байгуулжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (49)